logo
Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг сансрын нисгэгч, хошууч генерал Ж.Гүррагчаагийн нэрэмжит болголоо

2025/06/06

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар ангийг БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч,  “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаагийн нэрэмжит болголоо. 

Одоогоос 44 жилийн тэртээ Монгол хэмээх нэрийг ертөнцийн сонорт дуурьсгасан нэгэн үйл явдал тохиосон нь Монгол хүн сансрын уудамд, огторгуйн орон зайд дүүлэн ниссэн явдал юм. Зэвсэгт хүчний 337 дугаар анги нь сансрын нисгэгч Ж.Гүррагчаагийн амьдрал, замналтай салшгүй холбоотой билээ.

Ж.Гүррагчаа баатар нь ардын армийн байлдагчаас Зэвсэгт хүчинтэй хувь заяагаа холбож, цэргийн нисэхийн инженер, эгэл жирийн офицероор амьдралынхаа гарааг эхлүүлжээ. 

Цэрэг хүчний тэсвэр тэвчээр, мэргэжилдээ эзэн нь байх хөдөлмөр, зорилгодоо үнэнч, тууштай байхын үлгэр дуурайлал болсон Ж.Гүррагчаа баатар нь Улсыг Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Штабын дарга, Командлагчийн орлогч, Улсын Байнгын онцгой комиссын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд зэрэг төр, цэргийн өндөр дээд, хариуцлагатай ажил албыг хашиж, цэргийн нисэх хүчин, Монгол Улсын Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний хөгжилд төдийгүй, улс нийгмийнхээ хөгжил цэцэглэлт, шинжлэх ухааны салбарт гарамгай гавьяа байгуулсан эрхэм юм. 

Цэргийн гавьяаны одонт Зэвсэгт хүчний 337 дугаар анги нь 1970 онд Монголын Ардын Армийн сөнөөгч авиацийн эскадриль нэртэйгээр анхлан байгуулагдаж, Ардын арми, Зэвсэгт хүчин, Агаарын цэргийн командлалын тэргүүний ангиар олонтоо шалгарч, төр засгийн шагнал хүртсэн анги юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш