logo
Б.Пүрэвдорж: Хуримтлагдсан шимтгэлээсээ тэтгэврийн зээлээ төлөх хуулийн төсөл өргөн барина

Б.Пүрэвдорж: Хуримтлагдсан шимтгэлээсээ тэтгэврийн зээлээ төлөх хуулийн төсөл өргөн барина

2024/04/24

-Та парламентад шүүмжлэлттэй дуугардаг, сөрөг хүчний гишүүдийн нэг. Ер нь багаасаа хэлэмгий хүүхэд байв уу?

-Би Ховд аймгийн Зэрэг суманд төрж, өссөн. Би өдийг хүртэл сумаасаа шилжиж байгаагүй. Манай захчин түмний хэл, соёл, ёс заншил нь үг хурц, шударга хүн болгон хүмүүжүүлдэг.

-Таны бага нас Зэрэг сумандаа өнгөрсөн үү?

-Манай аав, ээж хоёр хоёулаа багш хүн байсан. Завханы Алдархаан, Ховдын Дарви, Зэрэг, Мөст зэрэг сумуудад багшаар ажиллаж байсан. Иймээс би олон ангитай. Аав, ээжийнхээ ачаар сурлагатай, боловсролтой байсан.

-Багшийн хүүхэд багш мэргэжил сонгох сонирхол байв уу?

-Би англи хэлний багш, орчуулагч, гадаад харилцааны мэргэжилтнээр төгссөн. 1990 онд Монгол Улсын их сургуулийн Өрнө, дорнын хэл судлалын тэнхимийн Англи хэлний анги нээгдэж байхад хамгийн анхны элсэгч болж орж байсан. 1992 онд Дээд боловсролын хуульд өөрчлөлт орж, ерөнхий боловсролын сургуулиудад орос хэл ордог байсныг англи хэл болгосон юм. 1993 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Би тэр үед III курсийн оюутан байсан. Манай сургууль англи хэлний долоон багш, 12 оюутантай байв. Биднийг тэр үед цагийн багшаар ажиллуулж, цалин өгч байсан. Манай их сургуулийн ангийнхан бүгд сургуульд багшилж байгаа.

-Сургуулиа төгсөөд анх хаана ажилд орж байсан бэ?

-Сургууль төгсөхөд Тагнуулын ерөнхий газар, Эрдмийн үйлдвэр, Гаалийн ерөнхий газраас ажилд авах санал ирсэн. Гэр амьтай болохоор Гаалийн ерөнхий газарт ажилд орж байсан.

Баян-Өлгий аймгийн гааль, Нисэхийн гааль, Улаанбаатар хотын гаальд байцаагч, ахлах байцаагч, албаны дарга хийж байгаад 2009 оны нэгдүгээр сарны 1-нээс хэрэгжсэн төрийн алба хаагч намын гишүүн байж болдог байсныг тусгаарласан. Тэр үед улсын хэмжээнд 24 хүн өргөдөл өгч төрөөс гараад, 16500 хүн намаасаа гарч төрдөө ажиллахаар үлдсэн юм. 24 хүн гарсны нэг нь би. Гаалиас гарсан намартаа би Ховд аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдож байсан.

-Сөрөг хүчний гишүүн байх хэцүү юу, хэцүү юм байна уу?

-Би маш аз жаргалтайгаар улс төрийн ажлаа хийдэг. Иргэдтэй байнга уулздаг. Ард иргэдийн хүсэж байгаа, улстөрчдийн нуугаад ярьдаггүй зүйлийг ярьж, иргэдийн дуу хоолой болж байгаад хамгийн аз жаргалтай байдаг.

-Нэг үгээр өөрийгөө тодорхойл гэвэл?

-Хөдөлмөрлөдөг. Хөдөлмөр хүнийг заавал амжилтад хүргэнэ гэдэгт итгэдэг. Тодорхой хэмжээгээр өөрийнхөө хийж байгаа ажлаа хүсэж хийдэг.

-Та өөрийнхөө хийж хэрэгжүүлсэн ажлуудын алинаар нь бахархдаг вэ?

-УИХ-ын гишүүний үндсэн үүрэг бол хууль батлах. Энэ хүрээнд ахмадуудын асуудлаар 5-6 хууль батлуулсан байна. мөн хуурамч шатахууны эсрэг тэмцсэн. Тэмцэл маань тодорхой үр дүнд хүрсэн.

-Ямар үг хэлэх дуртай вэ?

-Хөдөлмөрлө, хөдөлмөрлө, хөдөлмөрлө.

-Өглөө босоод юу хийдэг вэ?

-NBA үзнэ. Долоо хоногт 1-2 удаа сагс тоглоно.

-Таны “Ховд шонхрууд” гэсэн баг байдаг билүү?

-2014 оноос хойш 21 аймгийн лигт “Ховд шонхрууд” гэж оролцуулж байгаад 2020 онд больсон. Одоо н.Түвшин гэх залуу “Завхан бродерс” нэр дор авч явж байна.

-Мөн Ховдынхоо бөхчүүдтэй ойр байдаг байх аа?

-Ч.Батзориг заан, Ц.Мягмарсүрэн заан миний хоёр найз. 1994 оноос хойш би жил бүрийн наадмаар Ховд аймаг руу явалгүй бөхийн барилдааныг дэргэдээс нь үзэж ирсэн. Тухайн үед компьютер гараагүй байхад хэн хэнтэй таарахыг нь би урьдчилж гаргаад, бүх бөхчүүдэд чанга уншиж танилцуулдаг байсан. 2012 онд би Ховд бөхийн дэвжээний тэргүүнээр сонгогдсон. Үүнээс хойш 10 жил удирдлагын түвшинд оролцож байх хугацаанд их гурвалаас эхлээд олон сайхан цолтой бөх мэндэлсэн.

-Хэдэн настайдаа шатар сурсан бэ?

Зургаан наснаасаа шатар сурсан. Манай аав, ээж, ах, дүү бүгд шатар тоглодог. Парламентад хожиж үзээгүй хүн байхгүй. Хамгийн сайн нь Г.Занданшатар дарга байгаа. Бид хоёр гурав тоглоход Г.Занданшатар дарга хоёр хождог. Гэхдээ би сүүлийн таван жил парламентын аварга хийж байгаа.

-Та сайн шүүмжилдэг. Харин өөрөө шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

-Шүүмжлэлийг эрүүл зүйл гэж ойлгодог. Шүүмжлүүлсэндээ бухимдаад байх юм бол улстөрч болж чадахгүй шүү дээ.

-Улстөрч хүн ямар байх ёстой вэ?

-Хамгийн гол нь зарчимч байх ёстой. Зарчимч хүн асуудалд орооцолдохгүй. Энэ болно, болохгүй гэдгийг нарийн нягталж чаддаг. Ялангуяа УИХ-ын гишүүн ард түмний дуу хоолой болох ёстой. Тэрнээс сошиалчдын дуу хоолой болох ёсгүй.

-Таныг суманд очоод өөрөө дуулаад, яс мөлжүүлээд байгаа бичлэг цахим сүлжээнд цацагдсан байсан?

-Багийн байранд ганцхан ширээ байдаг. Ганцхан ширээндээ дарга нар нь суудаг. Тэгээд урдаа мах тавиад ганцаараа иддэг юм. Харин би ард түмэндээ мах идүүлээд, өөрөө дуу дуулж өгсөн. Энэ юу нь буруу гэж. Нөхцөл байдал нь тийм юм чинь. Сандал бүрийн өмнө ширээтэй багийн төв Монголд нэг ширхэг ч байхгүй. Хэрвээ тийм баг байвал мах тавьж байгаад, дуулж өгнө.

-Бүх багаар ордог уу?

-Би өнгөрсөн жил 108 уулзалт хийсэн. Тэрний 25 нь бусад 20 аймгийн сумдаар явсан уулзалт. 83 уулзалтыг нь Ховд аймагт ийсэн. 32 нь сумын төвд, 51 нь хөдөө баг дээр хийсэн уулзалт юм. Дотно уулзалт баг дээр л болдог.

-Багуудаар явж уулзалт хийхэд малчид ямар асуудал ярьж, юу хүсэж байна вэ?

-Монгол Улсын нэг сая өрхийн 150 мянган өрх нь гадаадад, үлдсэн 850 мянган өрхийн 250 мянган өрх нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Тэр иргэд төрөөс мал, малын эдийг үнэтэй борлуулаад өгөөч л гэж хүсэж байгаа. Өөр юу ч хүсэхгүй байгаа.

-Баруун бүсийн хөгжлийн амин сүнс нь юу вэ?

-Хөдөө аж ахуйн салбар гол ажлын байрын бий болгож байгаа. Аялал жуулчлалыг тойруугаар, олон газар дамжуулж, сонирхолтой байдлаар хөгжүүлэх ёстой. Ингэхийн тулд зам, боловсон жорлонг хийж өгөх ёстой.

-Тэтгэврийн жилийг долоо биш тав байх ёстой гэсэн пайз урдаа тавьж суугаад, нэлээд хугацаа өнгөрсний дараа хулийн төслөө батлуулах шиг боллоо. Сөрөг хүчний гишүүн хүн хууль батлуулахад тийм хэцүү байна уу?

-Гурван жил тэмцэж байж баталсан. Үүнд иргэдийн шаардлага маш их нөлөөлсөн. Үүнийг батлуулахын тулд хоёр ч удаа жагсаал зохион байгуулсан. УИХ-ын индэр дээрээс 180 удаа үг хэлсэн. 21 аймагт 88 цаг хууль тайлбарлаж ажилласан. Олон хууль байгаа. Нэгдүгээрт долоон жилийг таван жил болгох, хоёрдугаарт 200-2023 оны хооронд долоон жилээр бодуулсан хүмүүсийг хохироогоод үлдээж болохгүй. Тиймээс таван жилээр нөхөн бодуулах хууль, хамтын тэтгэврийн тухай хууль, тэтгэврийг индексжүүлэх хууль, малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг нөхөн төлөх хугацааг сунгах хууль гэх мэт зургаан бие даасан хууль байна.

-Тэтгэвэр тогтоох жил долоо байхаар яагаад байсан юм?

-Энгийн жишээ хэлье. Хоёр жилийн өмнө багш нарын цалин 700 мянган төгрөг байсан. Өнөөдөр 1.2 сая төгрөг болсон. 700 мянгаас 45 хувь бодох, 1.2 саяас 45 хувь бодох тэнгэр, газар шиг ялгаатай. Тэгвэл 2029 онд тэтгэвэрт гарах хүн 7 жилээр бодоход цалингийн зөрүү тэтгэвэрт нөлөөлнө. Хэрвээ 2029 онд тэтгэвэрт гарах хүн 2024 онд 1.2 сая төгрөгийн цалин авч таван жилээр бодоход өмнөх хоёр жил нь нөлөөлөхгүй.

-Ардчилсан нам баруун төвийн үзэл баримтлалтай нам. Гэтэл та тэтгэвэр нэм, Эрдэнэс Тавантолгойн ногдол ашгийг 580 мянган төгрөгөөр тооцож олгох гэх мэтчилэн халамжийн бодлогыг яриад байх юм?

-Хамгийн гол нь засаг буруу ажиллаад байна. Инфляцыг хөөрөгдүүлээд төсвийн орлогыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, засаг гараараа тэтгэвэр нэмж өгчхөөд, нөгөө гараараа эдийн засгийг буруу удирдаж, инфляцыг хөөрөгдүүлж эрд иргэдийн халааснаас нь буцаагаад халаасалж байна. Эхнэр, нөхөр хоёр насаараа цалингаасаа чадан ядан НШД төлчхөөд тэтгэвэртээ хүрэнгүүт нэг нь нас барчихдаг.

Хувьцаа гэж сонгууль дөхөхөөр л дэлэгнэдэг саалийн үнээ, сонгууль дуусахаар сувайрчихдаг тийм саалийн үнээ байж болохгүй.

-Өнгөрсөн хугацаанд та хэдэн хуулийн төсөл дээр ажиллаж, өргөн барьж, батлуулав?

-2020 онд би УИХ-ын гишүүн болоод ард түмний 10 хуулийг санаачилж, нийтдээ 21 хуулийн төсөл өргөн барьсан. Үүний наймыг нь батлуулсан. Дөрвөн хууль их хурал дээр дэмжигдэх эсэх нь хэлэлцэгдэж байна. Есөн хууль даргын зөвлөл дээр хэлэлцэгдэхээр дарааллаа хүлээгээд байж байгаа. Би хамгийн олон хууль өргөн барьсан гэдэг үзүүлэлтээр шилдэг нь болж, “Санаачилгатай гишүүн” хэмээх шагнал авсан.

-Ховд аймгийн Зэрэг сумаас Монгол Улсын ерөнхийлөгч төрсөн. Тантай яалт ч үгүй нэг сумын, намын хүн байх юм. Энэ хүн таныг улс төрд оруулж ирсэн үү?

-Улс төрд хөтөлсөн тийм хүн байхгүй. Манай аав, ээж хоёр Ардчилсан намыг дэмждэг байсан. Ховд аймгийн Ардчилсан намын дарга болсноос хойш миний улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа эхэлсэн байдаг. 2012 он хүртэлд би Ховд аймагтаа маш сайн ажилласны үр дүнд олон олон залуучуудыг намдаа элсүүлж, дэмжүүлж, олон бизнесмен надад итгэсний үр дүнд 2012 оны орон нутгийн сонгуулиар ялсан юм. Би “Нэг ардчилал” клубт байдаг. Клубээс намайг засагт ажиллуулъя гэсэн хүсэлт тавьсны дагуу Гадаадын иргэн харьяатын газар томилогдсон. Намайг Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр орсон гэж ойлгоод байх шиг байна. Нутгийн улстөрч ах нар олон бий. Тэд нарыг хүндэлдэг болохоос улс төр заалгадаг гэсэн ойлголт байхгүй.

-Та Гадаадын иргэн харьяатын газар ажиллаж байхдаа Солонгосын хил дээр гурван монгол иргэн буцаахад нь эндээс гурван солонгос иргэн буцаадаг байсан санагдаж байна?

-2012 оны сүүлээр долоон монгол иргэнийг Солонгос улсын Чежү арал дээр “Хүннү Эйр” компанийн онгоцоор очиход саатуулаад, долоон хоногийн туршид жижигхэн өрөөнд байлгасан. Тэр долоон хүн ирэхэд нь би Буянт-Ухаа нисэх онгоцны буудал дээр очиж ажилласан юм. Буянт-Ухаагийн даргыг нь дуудад “за өнөөдөр долоон солонгос хүнийг буцаана, харилцан тэгш байх ёстой” гэсэн. Тэгэхэд зургаан солонгос болчихлоо гэхээр нь заавал долоо болгож, дипломат хариу барина гэсэн. Маргааш нь солонгосын консул нь ирсэн, элчин сайд нь ирсэн. Би алийг нь ч хүлээж аваагүй. Монголчуудыг хил дээрээ буцаахаа больчхоод надтай юм яриарай гэж хэлсэн. Хэд хэдэн удаа тэгж буцаасан. Үүнээс 20 хоногийн дараа асуудал шийдэгдсэн. 2013-2015 он хүртэл нэг ч монгол хүн хил дээрээс буцаагдаагүй. Одоо ч гэсэн үүнийг хэрэгжүүлж байх шиг байна. үүнд ямар нэгэн дарамт шахалт байж болохгүй.

-Бидний амьдарч буй нийгэмд нэн яаралтай шийдэх ямар асуудал байна вэ?

-Өнөөдрийн Улаанбаатар хотод утаа, түгжрэлийн асуудал нэн яаралтай шийдэх асуудал. Үүнийг шийдэхийн тулд орон нутагтаа ажиллаж, орлоготоо сэтгэл хангалуун байх боломжийг нээж өгөх ёстой. Тэгсний үр дүнд хот руу шилжилт, хөдөлгөөн багасна.

-Хариуцлага гэдэг зүйл манайд байхгүй болчихсон юм шиг харагддаг. Та хэрхэн харж байна вэ?

-Өнөөдөр олон олон хулгайг илрүүлэн, зарлаж байна. Зөвхөн Эрдэнэс Тавантолгойн 40 их наяд гээд яригдаад явж байна. Нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүнд 2022 онд 30 сая тонн нүүрс гаргаж байсан бол 2023 онд 70 сая тонн нүүрс гаргалаа шүү дээ. Мөн аман дээрх нэг тонн нүүрсийг 60 доллароор зардаг байсныг уул уурхайн биржээр 179 доллар буюу гурав дахин өндөр үнэтэй зарж байна.  2023 онд төсвийн орлого 450 тэрбум төгрөгөөр давуулан биелэгдэж, Монгол Улсын эдийн засаг долоон хувиар өссөн. Гэвч эрх баригчид тэр хулгай хийсэн хүмүүстэй огт хариуцлага тооцохгүй байна.

-Сөрөг хүчний гишүүн ахалдаг төсвийн зарлагын дэд хороог та даргалж ажилладаг. Монгол Улсын төсөв хаашаа явж байна вэ?

-Монгол Улсын төсөв маш үрэлгэн батлагдаж байгаа. 2023 оны төсөвт заавал хэрэгжүүлэх шаардлагагүй нийтдээ 258 төсөл арга хэмжээг зарцаах  юм бол 580 тэрбум төгрөг хэмнэнэ. 580 тэрбум төгрөгөөр том том мега төслүүдээс хоёрыг эхлээд гурван жилийн хугацаанд ашиглалтад оруулах боломж байна. Энэ том том төслүүдээ хэрэгжүүлээч ээ, битгий жалгын хөрөнгө оруулалт хийж хаяач ээ. Ийм саналыг тавьж байсан. Харамсалтай нь үүнийг хэрэгжүүлээгүй. Төсвийн зарлагын хяналтын дэд даргын хувиар ковидын 5.1 их наядын зардлын тайланг ирүүл гэсэн. 2.7 их наяд төгрөгийнх нь тайланг ирүүлчхээд 2.4 их наяд төгрөгийнхийг нь огт ирүүлэхгүй байгаа. Би одоог хүртэл нэхэж байгаа.

-“Жаахан хичээе” аян тань ямар утгатай аян байсан бэ?

-Хүн ямар ч зүйлийг бүтээх чадвартай, өгөгдөлтэй. Үүн дээрээ жаахан хичээвэл амжилтад хүрнэ. Ядаж л хогоо хогийн саванд хаячихдаг байх хэрэгтэй. Энэ мэт хүн бүр жаахан хичээх хэрэгтэй.

-Энэ парламент өндөрлөхөд жаахан л хугацаа үлдчихлээ. Энэ хугацаанд энэ л хуулийг батлуулчих юм сан гэсэн хуулийн төсөл байгаа юу?

-Ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэж байгаа. Эрдэнэс Тавантолгой уурхайгаас ухаад гаргахад авдаг татвар. Гэтэл тэрүүгээр нь нүүрс коксжуулах, угаах, баяжуулах үйлдвэр рүү авахад дахиад нөөц ашигласны татвар авч байгаа. Дэлхийд Монгол шиг үйлдвэрлэлийн үе шат болгонд авдаг АМНАТ гэж байхгүй. Үүнээс болж дотоодын үйлдвэрлэл огт хөгжихгүй байгаа юм. Энэ АМНАТ-ыг давхардуулж байгаа нь манай улсыг байнгын түүхий эдийн экспртлогч орон байлгах гэсэн бодлого юм. Энэ АМНАТ-ыг давхардуулж авдаг зүйлийг болиулах хуулийн төсөл өргөн барьсан. Нэг жишээ дурдъя. Жонш Монголоос жилд 600 мянган тонн гардаг. Үүнээс 20 сая доллар олж байгаа. Эрээний цаана очиж баяжуулахад 120 сая доллар олж байна. цаашаа Шенжинд аваачихад куволлит 1.2 тэрбум доллар олж байна. Жужанд устөрөгчийн фтор үйлдвэрлэхэд 2.4 тэрбум доллар олж байгаа. Манайхаас гарч байгаа 600 мянган тонн жоншийг 20 сая доллароор борлуулж байхад эцсийн бүтээгдэхүүн болгоход л 2.4 тэрбум доллар болгож байгаа юм. Бид ядаж л жоншоо Монголдоо баяжуулах хэрэгтэй.

Давхардуулж АМНАТ авдаг хуулийг одоогийн эрх баригчид 2017 онд баталж байсан юм. Үүнээс хойг 30 үйлдвэр хаагдсан. 1500 хүн ажилгүй болсон. Улсын болон орон нутгийн төсөвт 50 орчим тэрбум төгрөг оруулдаг байсан нь байхгүй болсон. Өнөөдөр 8 үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болчихсон. Хэрвээ АМНАТ энэ хэвээр байсаар байвал энэ үйлдвэр шууд дампуурна.

Хоёр дахь өргөн барьж буй хуулийн төсөл нь тэтгэврийн зээл авахад хүүхэд нь хамтран зээлдэгч болж, гарын үсэг зурдаг. Хэрэв тэтгэврийн зээл авсан аав нь нас барсан тохиолдолд хүүхэд нь өрөнд унадаг. Гэтэл тэтгэврийн насны хүмүүс насаараа шимтгэл төлж, маш их мөнгө тэтгэврийн санд хуримтлуулсан байгаа шүү дээ. Энэ сангаас зээлийг нь төлөхгүй, үр хүүхдээс нь нэхээд байдаг. Иймд санд хуримтлагдсан шимтгэлээс нь тэтгэврийн зээлийг төлөх хуулийн төсөл өргөн барьж байгаа. Би 65 настай тэтгэвэрт гарахад ойролцоогоор 250-300 сая төгрөгийн шимтгэл төлнө. 10 сая төгрөгийн тэтгэврийн зээл аваад, 68 нас хүрээд нас барлаа гэхэд хүүхдүүд маань миний өрийг төлөх болно. Би гуравхан жилийн тэтгэвэр авахад ихдээ л 30 орчим сая төгрөг авна. Үлдэж байгаа 270 орчим сая төгрөгөөс ядаж зээлийг нь төлөх ёстой юм. Энэ төслийг парламент солигдохоос өмнө амжиж батлуулах санаа байна.

-Яг энэ талаарх асуудал гадаад оронд яаж шийдэгдсэн байдаг вэ?

-Гадаадад нэрийн данс гэж байдаг. Тэтгэвэрт гарангуутаа 120 сая төгрөгийг өнөөдөр авч машин худалдаж авах эсвэл гадаадад аялна гээд авч болдог. Үлдсэн 180 сая төгрөгийг нь 10 жилийн хугацаанд ингэж ингэж авна гээд төлөвлөгөө гаргасан байдаг. Хүссэн үедээ тэтгэврийн зээлээ сангаасаа авч төлөх боломжтой улс орнууд бий.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Сэтгэгдэлүүд

Дээш