logo
Увсын Давст суманд 18 см цасан бүрхүүл тогтсон байна

Увсын Давст суманд 18 см цасан бүрхүүл тогтсон байна

2024/04/08

2024 оны 04 дүгээр сарын 06-ны 08 цагаас 04 дүгээр сарын 07-ны 08 цаг хүртэлх цаг агаарын тойм мэдээ хүргэе.

Цасны зузаан: Өнөө өглөөний цаг уурын станц, харуулын цасны зузааны мэдээгээр Увсын хойд, Ховдын өмнөд, Говь-Алтайн баруун, Хөвсгөл, Хэнтий, Дорнодын зарим нутгаар 0.0-18.0 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Увсын Давст 18 см, Сагилд 17.0 см, Түргэнд 13.0 см, Зүүнговьд 8.0 см, Ховдын Цэцэгт 16 см, Говь-Алтайн Тонхилд 10 см, бусад хэсгээр 0.0-3.0 см цасан бүрхүүл тогтсон байна.

Хур тунадас: Өнгөрсөн хоногт Ховдын өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Хэнтий, Дорнодын зарим газар, Говь-Алтай, Сэлэнгийн ихэнх нутгаар 0.0-9.0 мм бороо, нойтон цас орсон. Үүнээс хамгийн их нь Ховдын Цэцэгт 9.0 мм, Булганд 5.0 мм, Говь-Алтайн Тонхилд 9.0 мм, Шаргад 7.0 мм, Дарви, Бугатад 4.0 мм, бусад нутгаар 0.0-3.0 мм бороо, нойтон цас орсон байна.

Агаарын хамгийн их температур: Өчигдөр өдөр Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Тэрэлж, Халх, Улз голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутаг, болон Орхон-Сэлэнгийн сав газраар 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм дулаан байв.

Өнгөрсөн шөнө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, 5-11 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Хараа голын сав газраар 3-8 хэм, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байв.

Cалхи: Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, зүүн аймгуудын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүссэн байна.

Улаанбаатар хот орчмоор: Өнгөрсөн хоногт цас ороогүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Өчигдөр өдөр 12-14 хэм, өнгөрсөн шөнө 1-3 хэм дулаан байв.

Сэтгэгдэлүүд

Дээш