logo
Зэвсэгт хүчнээс Улсын аварга малчин өрх тодорлоо

Зэвсэгт хүчнээс Улсын аварга малчин өрх тодорлоо

2024/02/13

XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн босгон дээр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн иргэн, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн малчин Б.Түмэнжаргал, гэргий Д.Аюушцэцэг нар эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, эрдэмт малч ухаанаа төр түмэндээ үнэлүүлэн “Улсын аварга малчин өрх”-өөр тодорлоо. Шагнал, үнэмлэх, цол тэмдгийг энэ сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат гардуулан өгсөн ба Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн удирдлагууд ч сайн малчиндаа баяр хүргэсэн юм.

Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн малчин Б.Түмэнжаргал нь Зэвсэгт хүчинд 15 дахь жилдээ хүчин зүтгэж, мал маллаж байна. Малын сууриасаа гадна ангийн мал мах бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамт олноо манлайлан ажиллаж яваа тэрээр 2014 онд "Аймгийн аварга малчин", 2017 онд "Алтангадас" одонгоор, 2019 онд Өмнөговь аймгийн "Тэргүүний ажилтан" тэмдгээр шагнагдсан ажилсаг хөдөлмөрч ажилтан албан хаагч юм.

“Улсын аварга малчин өрх”-өөр тодорсон малчин Б.Түмэнжаргал, гэргий Д.Аюушцэцэг нарт ангийн удирдлага, хамт олноос баяр хүргэхийн ялдамд ангийн захирагчийн материал, хэрэгслийн хангалт хариуцсан орлогч дэд хурандаа Л.Мөнх-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг билэгт сайн энэ өдөр ангийн малчин Б.Түмэнжаргалд “Дурсамж” гардуулан, хүндэтгэл үзүүллээ гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш