logo
Халиа тошин үүссэн эрсдэл бүхий байршлуудад 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна

Халиа тошин үүссэн эрсдэл бүхий байршлуудад 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна

2023/12/28

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Сэлбэ голын ус хайлж, халиа тошин үүсэж, тохижилтын ажил халианд дарагдсан байдалтай байгаа юм. Үүнтэй холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, мэдээлэл өглөө.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа “Жил болгон голын сав газар дагуу халиа тошин үүсдэг. Улаанбаатар хотын зургаан дүүргийн нийт 14 байршилд халиа тошин үүссэн. Геодези, усны барилга, байгууламжийн газар жил бүр арванхоёрдугаар сарын 20-ноос хоёрдугаар сарын 20-ны хооронд халиа тошингийн нөхцөл байдалд ажилладаг. Өнгөрсөн жил болон энэ жил үер ихтэй байсан учраас усны түвшин 2-3 дахин нэмэгдсэн. Сонгинохайрхан дүүргийн 26, 40, 41 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 7, 17, 23 дугаар хороонд халиа тошинд өртөх эрсдэлтэй айл өрхүүд оршин суудаг. Эдгээр айлд жил болгон нүүх талаар мэдэгдэл хүргүүлдэг ч биелүүлдэг нь ховор. Тодорхойлж зааж өгсөн газар руу нүүдэггүй. Халиа тошин үүссэн эрсдэл бүхий байршлуудад дүүргүүдийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтсийн ажилтнууд хуваагдан 24 цагаар үзлэг, шалгалт хийж байна” гэв.

Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан "Зун бороо хур ихтэй, үер усны эрсдэлтэй байсантай холбоотойгоор Сэлбэ голын усны түвшин их байна. Мөн энэ жилийн өвөл нэлээн орой огцом хүйтэрч, голын ус доошоо түрж хөлдсөн. Зөвхөн Сэлбэ гол гэлтгүй Толгойт, Улиастай, Бэлх, Сэлхийн гол болон Гүнжийн булаг гээд Улаанбаатар хотоор дайран өнгөрдөг гол, шандтай хэсгүүдээр халиа тошин жил бүр үүсдэг. Энэ жил анх удаа үүсэж байгаа юм биш. Харин геологийн тогтоц, байгалийн нөхцөл байдлаас шалтгаалан байршил өөрчлөгддөг" гэлээ. 

Сэтгэгдэлүүд

Дээш