logo
“Боловсролын шинэ сэргэлт-Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт” сургалт үргэлжилж байна

“Боловсролын шинэ сэргэлт-Үр дүнд суурилсан бодлого, төлөвлөлт” сургалт үргэлжилж байна

2023/08/25
Мэргэжлийн болон техникийн боловсролын захирал, сургалтын менежер, төсвийн мэргэжилтнүүдэд зориулсан 2 өдрийн сургалтын явцтай салбарын сайд танилцаж, хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой мэдээлэл өглөө.
 
2023-2024 оны хичээлийн жилд мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын салбарын зорилгыг “Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын засаглал удирдлагын шинэ бүтцийг төлөвшүүлэх, багшаа чадваржуулах,
дадлагын сургалтын чанарыг ахиулах, түншлэлийг шинэ шатанд гаргах, олон улсын хөтөлбөр хэрэгжүүлэх замаар сургалтын чанар, суралцагч, төгсөгчийн мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэх”, буюу “Чанартай сургалт - Ур чадвартай төгсөгч” хэмээн тодорхойлж байгааг дуулгалаа.
 
Дэвшүүлсэн зорилгынхоо хүрээнд сургалтын судалгаа, арга зүй, үнэлгээний нэгдмэл байдлыг хангаж, сургалтын байгууллагуудыг төрөлжүүлэн салбар дундын дадлагын бааз, гарааны компани байгуулах, удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чанар, гүйцэтгэлийн үр дүнд суурилсан удирдлага, санхүүжилтийн шинэ тогтолцоог нэвтрүүлэн мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан хувьсах зардлаар санхүүжүүлэх, боловсролын багц хуулийн хүрээнд мөрдөгдөх эрх зүйн бичиг баримтын шинэчлэлийг хийх зэргээр сургалтын байгууллагын засаглал менежментийг сайжруулна.
Мөн Мэргэжлийн боловсролын 2.5 жилийн хөтөлбөрийн хугацааг 3 жил болгон сунгах, олон улсын Пийрсон, Эсэл, Коосэний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хосмог болон ажлын байран дахь сургалт, дагалднаар суралцах сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлж, мэргэшлийн түвшинтэй уялдсан хөтөлбөрийн агуулгын шинэчлэлийг хийж сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээг нэмэгдүүлнэ.
 
Сургалтын хөтөлбөрт агуулга, арга зүйн шинэчлэл хийснээр суралцагчид дараагийн түвшний сургалтын байгууллагад дэвшин суралцах, үе тэнгийн бусад суралцагчтай ижил хөтөлбөрөөр суралцаж, мэдлэг, чадвар эзэмших тэгш боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.

Эх сурвалж: БШУЯ

Сэтгэгдэлүүд

Дээш