logo
“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

“Замын хөдөлгөөн зохицуулах журам”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг хэлэлцэв

2023/02/02

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо 2023 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр хуралдаж, “Замын хөдөлгөөнийг зохицуулах хянан шалгах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адъяасүрэн танилцууллаа.

“Энэхүү журмын өөрчлөлтөөр иргэдээс хамгийн их гомдол ирдэг асуудлыг шийднэ. Тухайлбал, эмнэлгийн үйлчилгээ авах, сургуулийн хүүхэд өгөх, авах хооронд түр байрлуулсан автомашиныг сануулга өгөхгүйгээр шууд ачдаг байдлыг өөрчлөх шаардлагатай талаарх саналыг иргэд олноор гаргажээ. 

Иргэдийн саналд үндэслэн судалгаа авч тухайн тээврийн хэрэгсэл анх удаа зөрчил гаргасан тохиолдолд сануулга өгөх, дараагийн удаа дахин зөрчил гаргасан тохиолдолд ачих, торгохтой холбоотой журмын өөрчлөлтийг боловсруулжээ. Түүнчлэн тухайн жилд 4 болон түүнээс дээш зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн жолоочид цахимаар шийтгэл оногдуулж, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, үндсэн төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлэх төлөхөөр тусгасан байна. Түр саатуулах хашаанаас тээврийн хэрэгслийг гаргахад бусад зөрчлийг арилгуулсан байх зэрэг журмын өөрчлөлтийг оруулж байна” гэв.

Харин Төлөөлөгч М.Говьсайхан түр саатуулах хашаанаас машинаа авах иргэн  автомашины татвар, торгууль зэрэг бусад зөрчил, хураамжаа заавал төлсөн  байх нь нэг зөрчилд давхар шийтгэл оногдуулж байгааг сануулсан юм. Замын хөдөлгөөнд оролцож буй нийт тээврийн хэрэгслийн 40 гаруй хувь нь татвар төлөөгүй байдаг бөгөөд түгжрэлийн 15-21 хувь нь зориулалтын бус газарт байрлуулсан тээврийн хэрэгслээс шууд хамаардгийг С.Адъяасүрэн тайлбарлалаа. Улмаар уг асуудлыг хурал дахь намын бүлгүүдийн хурлаар хэлэлцэхийг дэмжлээ гэж Нийслэлийн ИТХ-ын ХМТ-өөс мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш