logo
Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр болов

Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр болов

2022/09/26

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймагт ажиллах үеэрээ Шаамар сумын зөгийчин, ногоочин Б.Алтанцэцэгийн аж ахуйд зочилж, аж ахуй, тариаланчидтай уулзлаа.

Шаамар сумын Эрүүл мэндийн төвд тасралтгүй 33 дахь жилдээ эмчээр ажиллаж байгаа Б.Алтанцэцэг нь 2001 оноос эхлэн 13 нэр төрлийн нарийн хүнсний ногоо тариалж эхэлсэн байна. Тэрбээр, мэргэжлийн сургалт, үйлдвэрэлийн төвд жимс ногоо, хүлэмжийн аж ахуй эрхлэгчдэд мэргэжлийн талаас нь заавар зөвлөгөө өгөх мэргэжлийн багш, боловсон хүчнийг бэлтгэх, түрээсийн агуулах, хүлэмжийг бий болгох шаардлатай байгааг танилцуулж байв.

Энэ үеэр Шаамар сумын Засаг дарга Ф.Серикбол 6х20 м харьцаатай 120 ширхэг хүлэмжийг сумын Засаг даргын Тамгын газарт худалдан авахад шаардагдах 600 сая төгрөгийн саналыг 2023 оны улсын төсөвт тусгуулахаар саналаа хүргүүлсэн бөгөөд тус суманд уг саналыг нь дэмжиж өгөхийг УИХ-ын даргаас хүссэн юм.  

Уг асуудлыг шийдвэрлэх боломжийг талаар УИХ-ын дарга Г.Занданшатар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогыг хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс тодруулахад Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар хийв.

УИХ-ын дарга, төлөөлөгчид үргэлжлүүлэн Зүүнбүрэн сумын нутаг дэвсгэр дэх газар тариалан эрхлэх “Арвин хур” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав. Тус аж ахуйн нэгж нь орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр техникийн шинэчлэл хийснээр дунджаар га-аас 20-30 цн, усалгаатай талбайгаас 30-40 цн ургац авах боломж бүрдсэн талаар танилцуулж байв. Тус компанийн ерөнхий захирал Ч.Чадраабал Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлсэн үрийн буудай нь эрэлт бага байсан. Иймд үрийн чанар, борлуулалтад төрөөс анхаарах, материаллаг баазад түшиглэн үрийн аж ахуйг хөгжүүлэх талаар саналаа хэлж байв.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол Улсад газар тариалан эрхлэх систем" технологийн баримт бичгийг мөрдлөг болгож, хөрсний доройтлыг бууруулах, үржил шимийг хамгаалах, сайжруулах, зохистой ээлжлэн тариалалт бүхий дэвшилтэт технологи нэвтрүүлэх, түүнд нийцсэн техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатайг тэмдэглэж, үүнд эрх зүйн зохицуулалтыг сайжруулахад анхааран ажиллахаа илэрхийлэв.

Сэтгэгдэлүүд

Дээш