logo
Есдүгээр сарын 25-ны ням гарагт “Автомашингүй өдөр-2022” болно

Есдүгээр сарын 25-ны ням гарагт “Автомашингүй өдөр-2022” болно

2022/09/23

Энэ жил автомашингүй өдрийг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатайгаар есдүгээр сарын 25-ны ням гарагт зохион байгуулна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын төв хэсгийн зам, томоохон зах, худалдааны төвийг 07.00-18.00 цагийн хооронд түр хугацаагаар хаах юм. Тус өдрийн зохион байгуулалтын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

АВТОМАШИНГҮЙ ӨДРӨӨР УРЛАГ, СПОРТЫН ОЛОН АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө дараах мэдээллийг өгөв. Тэрбээр “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот хүрээлэн буй орчин болоод нийгэмд автомашины хэрэглээнээс үүдэн учирч буй сөрөг нөлөөг багасгахад олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор “Автомашингүй өдөр”-ийг 2009 оноос хойш тэмдэглэж буй. Өнгөрсөн хоёр жил цар тахлын улмаас автомашингүй өдрийг зохион байгуулаагүй бол энэ жил ийнхүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөлөө.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 64 дүгээр чуулганы “Дэлхийн замын аюулгүй байдлыг сайжруулах тухай” тогтоолыг хэрэгжүүлэх, автомашинаас бусад сонголтыг иргэдэд олгох уриан дор дэлхийн хотууд жил бүрийн есдүгээр сарын 22-ныг “Автомашингүй өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Бидний хувьд тус өдрийг амралтын өдөр буюу энэ ням гараг зохион байгуулахаар сонгосон. Автомашингүй өдрөөр Сүхбаатарын талбайд иргэдэд зориулсан урлаг, спортын арга хэмжээнүүд, сонгодог дуурийн тоглолт болохоос гадна нийслэлийн нийгмийн салбарын үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах юм. Мөн дүүргүүд төв талбайд асар засаж, хөтөлбөртэй арга хэмжээг зохион байгуулна” гэв. 

АВТОМАШИНГҮЙ ӨДӨРТ ИДЭВХТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЖ БАЙНА

Тус өдрийн ач холбогдлын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэлэхдээ:

-Олон улсын автомашингүй өдөр нь агаарын бохирдолтой тэмцэх, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэхэд иргэдийг уриалсан гол арга хэмжээ юм. 2019 онд хийсэн судалгаагаар 15-69 насны хүн амын 65 хувь нь илүүдэл жинтэй гэсэн дүн гарсан. Тэдгээрийн 49.4 хувь нь илүүдэл жинтэй, 18.5 хувь нь хэт таргалалттай байна. Илүүдэл жингээс сэргийлэх гол арга зам бол алхалт, хөдөлгөөн. Иймд автомашингүй өдрөөр хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, амьдралын идэвх сайжрахад чиглэсэн уриалгыг эрүүл мэндийн байгууллагууд дэлхийн хотуудад зөвлөдөг. НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-д тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувиар, зам тээврийн ослоос шалтгаалсан нас баралтыг 50 хувиар тус тус бууруулах зорилт дэвшүүлэн, осол, гэмтлийн эрсдэлт хүчин зүйлийг бууруулахыг улс орнуудад зөвлөж байгаа. Тиймээс автомашингүй өдөрт идэвхтэй оролцохыг иргэдэд уриалж байна.

Сэтгэгдэлүүд

Дээш