logo
Б.Батцэцэг: Транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо

Б.Батцэцэг: Транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцлоо

2022/09/05

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит-тай хэлэлцээ хийсний дараа хэвлэлд өгсөн мэдэгдэл.


Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, ноёд хатагтай Та бүхэнд талархал илэрхийлье.

Монгол, Лаосын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд БНАЛАУ-ын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Салөмсай Гуммасит 2022 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайдын түвшинд 20 жилийн дараа хэрэгжиж буй энэхүү айлчлал нь манай хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирэх шинэ жаранд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, улам бүр бэхжүүлэхэд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Өнөөдөр Салөмсай Гуммасит Сайдтай бүтээлч, найрсаг, халуун дотно уур амьсгалд үр дүнтэй яриа хэлэлцээ хийлээ.

Монгол Улсын Ази, Номхон далайн бүс нутагт чиглэсэн гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг.

АСЕАН-ы гишүүн Лаос Улстай хөгжүүлж буй уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх, худалдаа, эдийн засаг, соёл болон бусад салбарын хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдлээ.

Энэ хүрээнд Монгол, Лаосын харилцааны чухал механизм болох Засгийн газар хоорондын комиссын XII хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд Вьентьян хотноо зохион байгуулахаар харилцан тохиролцлоо.

Хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал нэгдэж, “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНАЛАУ-ын Батлан хамгаалах яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг ойрын хугацаанд байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНАЛАУ-ын шинэ Засгийн газрын бодлоготой уялдуулан тээвэр, логистик, эрчим хүч, байгаль орчин, дэд бүтцийн салбарт үр ашигтай хамтран ажиллах, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх талаар үр бүтээлтэй санал солилцлоо.

Манай хоёр улсын эдийн засгийн салбарын бүтцэд ижил төстэй зүйл олон бий. Иймд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, түүний дотор органик хоол хүнсний бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж, хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хэлбэрээр тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж цаашид ч энэ чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаар тогтлоо.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс нь далайд гарцгүй улс орнууд хэдий ч Бүгд Найрамдах Хятад Ард Улстай төмөр замаар шууд холбогддог. Иймд Монгол, Лаос, Хятадын зам, тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудын хооронд гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх, эрх зүйн орчинг бүрдүүлэх хүрээнд транзит тээврийн хэлэлцээр байгуулах чиглэлд хүчин чармайлт гарган ажиллах талаар тохиролцлоо.

Манай хоёр улс эрүүл мэндийн салбарт нягт хамтран ажиллаж ирсэн. БНАЛАУ-ын Сиенгхуанг мужид байгуулагдсан Монгол, Лаосын “Найрамдал” эмнэлэгт тусгай, нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарыг үргэлжлүүлэн ажиллуулж, харилцан солилцох чиглэлээр хамтран ажиллахаар тохирлоо.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Манай улсын “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн” зэрэг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн санаачилгыг лаосын тал дэмжиж, ой моджуулах хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр боллоо.

БНАЛАУ нь Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах олон талт хэлэлцээрт хамгийн түрүүнд нэгдэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Цаашид ч тус төвийн үйл ажиллагааг дэмжих чиглэлд хамтран ажиллахаар тогтлоо.

Айлчлалын үеэр “Хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг” болон “2022-2027 онд Оюутан солилцох тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Боловсрол, спортын яам хоорондын хэлэлцээр”-ийг тус тус байгууллаа.

Өнөөдрийн хэлэлцээний дүнд сэтгэл хангалуун байна. Бидний цаашдын хамтын ажиллагаа улам үр өгөөжтэй үргэлжлэнэ гэдэгт итгэл төгс байна.

Анхаарал хандуулсанд баярлалаа.

/2022 оны 9 дүгээр сарын 4, ГХЯ/

Сэтгэгдэлүүд

Дээш