logo
“Бид киокушинкай карате, буудлагын спортоор мэргэшиж, бие болоод сэтгэл зүйн дархлаагаа бэлтгэсэн”

“Бид киокушинкай карате, буудлагын спортоор мэргэшиж, бие болоод сэтгэл зүйн дархлаагаа бэлтгэсэн”

2022/04/04

Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газар нь 30 гаруй жилийн түүхтэй. Гучин жилийн түүхтэй энэхүү газар нь байгуулагдсан цагаасаа хойш гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, террорист үйлдлийг таслан зогсоох, барьцаанд авагдсан хүн, тээврийн хэрэгсэл, объектыг чөлөөлөх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй бөгөөд хуулиар хүлээсэн үүргээ чин үнэнчээр, нэр төртэй гүйцэтгэж байна.

Тус газарт спортын өндөр амжилттай, зэрэг, цолтой шижигнэсэн залуус мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ удаа “XX зууны манлай Монгол Улсын гавьяат дасгалжуулагч В.Батбаяр багшийн нэрэмжит 2022 оны Монгол Улсын Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож алт, мөнгөн медаль хүртсэн цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбат, цагдаагийн дэд ахлагч О.Батзориг нартай товч ярилцлаа.

-Та бүгдийн амрыг эрье. Юуны өмнө бидэнд өөрсдийгөө танилцуулаач?

Цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбат: Намайг Гантогтохын Ганбат гэдэг. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж, өссөн. Одоо эхнэр, охины хамт Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч байна. Одоо Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан албан тушаалтай.

Цагдаагийн дэд ахлагч О.Батзориг: Намайг Отгонжаргалын Ганзориг гэдэг. Улаанбаатар хотод төрж, өссөн. Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын бүлгийн цагдаагаар ажилладаг.

-Өнгөрсөн сард зохион байгуулагдсан Монгол Улсын Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Тэмцээн хэр өрсөлдөөнтэй болсон бэ?

Цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбат: Баярлалаа. Жил бүр зохион байгуулагддаг энэ тэмцээн Коронавирусын халдвараас шалтгаалан өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зохион байгуулагдаагүй байсан юм. Харин энэ жил зохион байгуулагдаж, манай Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газраас дөрвөн алба хаагч амжилттай оролцлоо. Миний хувьд 86 кг жинд дэд байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн.

Цагдаагийн дэд ахлагч О.Батзориг: Баярлалаа, миний хувьд энэхүү тэмцээнд 10 дахь жилдээ оролцож байна. Энэ жил 86 кг жинд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртсэндээ маш их баяртай байна. Тэмцээнд оролцсон тамирчдын бэлтгэл үнэхээр сайн байлаа, хурд хүч, тэсвэр тэвчээр, бэлтгэлжилт шалгасан сайхан тэмцээн болж өндөрлөлөө.

-Анх хэдэн оноос эхэлж боксын спортоор хичээллэж эхэлсэн бэ?

Цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбат: Би 2008 оноос хойш буюу одоо 14 дэх жилдээ боксын спортоор хичээллэж байна. Анх Боксын спортын мастер Г.Ганхуяг багшийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн. Би спортын мастер зэрэгтэй. Бокс бол хүний нь хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг шалгасан спорт гэж боддог.

Цагдаагийн дэд ахлагч О.Батзориг: Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Д.Ганзориг багшийн удирдлагад 2008 оноос бэлтгэлээ хийж эхэлсэн мөн адил 14 жилдээ боксын спортоор хичээллэж байна. Спортын мастер зэрэгтэй. Боксын спортыг шатрын спорттой зүйрлэж болно. Шатрын спорт оюун ухааны спорт бол боксын спорт нь оюун ухаан бас бие бялдрын спорт юм.

-Гаргаж байсан зарим амжилтуудаасаа дурдвал?

Цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбат: “Боксын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс алт, “Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс хүрэл, “Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс 2 мөнгө, 3 хүрэл, “Гардан тулааны Азийн нээлттэй цомын аварга шалгаруулах тэмцээн”-ээс мөнгө, “Сонсогчийн алдар гардан тулааны тэмцээн”-ээс алт, Кошика карате-До” олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл, “Contact Jiu Jitsu” улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгө, Оросын Холбооны Улсад зохион байгуулагдсан “Боксын олон улсын тэмцээн”-ээс алт, мөнгө, хүрэл, “Практик буудлагын спортын аварга шалгаруулах тэмцээн”-ээс алт, мөнгө, хүрэл медаль тус тус хүртэж байсан.

Цагдаагийн дэд ахлагч О.Батзориг: “Боксын өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий хошой алт, “Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийн хошой алт, “Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ээс 1 алт, 4 мөнгө, 2 хүрэл, “Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс мөнгө, “China open” тэмцээнээс мөнгө, “Киокушинкай каратегийн улсын аварга шалгаруулах тэмцээн”-ий алтан медалийг тус тус хүртсэн.

-Цагдаагийн байгууллагатай ажил, амьдралын гараагаа холбосон тэрхүү дурсамжаа бидэнтэй хуваалцаач?

Цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбат: Одоогоос 9 жилийн өмнө буюу 2013 онд анх цагдаагийн албанд орж байлаа. Манай ах Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газарт ажилладаг байсан болохоор би арван жилийн сургуульд байхаасаа эхлээд л цагдаагийн алба хаагч болно доо, цагдаагийн алба хаагч болох болохдоо заавал Тусгай ажиллагааны газарт нь л орно доо гэж боддог байлаа. Тэгээд шалгалт өгч байсан юм. Тухайн үед бие бялдрын шалгалтаа амжилтгүй өгч тэнцсэнгүй. Гэсэн ч би бууж өгөхгүй бүтэн жил өөрийгөө бэлдээд шалгалт өгч байсан. Хоёр дахь удаагийн шалгалтаа амжилттай өгч, тэнцээд цагдаа гэх цагаан мөртэй энэ албатай амьдралаа холбож байсан.

Цагдаагийн дэд ахлагч О.Батзориг: Би цагдаагийн байгууллагад 4 дэх жилдээ ажиллаж байна. Эрэгтэй хүүхэд бүр багадаа би цэргийн хүн болно, цагдаа болно гэж боддог байх. Тэдний адил би цагдаа болно гэж мөрөөддөг л хүүхэд байсан юм. Мод, тоглоомон буу зэргийг бариад “би цагдаа байна” гээд л тоглодог байлаа. Би боксын улсын шигшээ багт тоглодог байсан юм л даа. Манай “Ихэр бээлий” клубт цагдаагийн алба хаагчид их ирж бэлтгэл хийдэг байсан. Багын хүсэл мөрөөдөлтэй холбоотой болохоор ч тэр үү тэр ах нараасаа цагдаагийн алба хаагчид яг ямар чиглэлээр ажилладаг, Тусгай ажиллагааны газар нь ямар чиг үүрэгтэй байдаг гэх зэргийг бараг ирж бэлтгэл хийх болгонд нь асуудаг байлаа. Асууж, мэдэж бага зэргийн ойлголттой болсны дараа 2019 онд шалгалт өгөөд тэнцэж байсан юм. Ингэж л өөрийнхөө багын хүсэл мөрөөдлөө биелүүлсэн дээ.

-Тусгай ажиллагааны газрын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд алба хаагчдаас бие бялдрын бэлтгэлжилт, багийн ажиллагаа гээд чамгүй ур чадваруудыг шаардана биз?

Цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбат: Тийм ээ. Тусгай ажиллагааны газар нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, террорист үйлдлийг таслан зогсоох, барьцаанд авагдсан хүн, тээврийн хэрэгсэл, объектыг чөлөөлөх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй. Бид  Гэмт этгээдийг баривчлах, барьцаанд авагдсан хүн, тээврийн хэрэгсэл, объектыг чөлөөлөх, иргэдийн аюулгүй байдлыг хангах зэрэгт багийн ажиллагаа, бие бялдрын болоод сэтгэл зүйн бэлтгэлжилт хамгийн чухал л даа. Манай баг, хамт олон дадлага, бэлтгэл сургуулилтыг өдөр бүр тасралтгүй зохион байгуулж байгаа бөгөөд манай дасгалжуулагч нар алба хаагч бүрийн бие бялдар, хөгжүүлэх шаардлагатай ур чадварт зориулсан төлөвлөгөө гаргаж бид түүний дагуу хичээллэж байна.

Цагдаагийн дэд ахлагч О.Батзориг: Манай газарт Киокушинкай каратегийн тив, дэлхий, олон улсын аварга, буудлагын спортын мастер, практик буудлага, хамгаалалтын буудлагын амжилт гаргасан олон алба хаагч бий. Шинээр томилогдсон юм уу, ажиллаад удаагүй бидэнд мэдэхгүй, чадахгүй олон зүйл байна. Тэр бүхэнд манай чадвартай, мэдлэгтэй, туршлагатай дасгалжуулагч болон хамт олон минь заавар зөвлөгөө өгч, биднийг дэмжиж ажиллаж байна. Мөн бид зөвхөн нэг төрлийн спортоор хичээллэдэггүй. Олон төрлийн спортоор хичээллэж, олон олон тэмцээн уралдаанд орж бие бялдрын бэлтгэлжилтээ хангадаг.

-Та хоёр хоёулаа л багагүй хугацаанд ажиллажээ. Ажиллах хугацаандаа шантарч байсан үе бий юу? Хэрхэн даван туулдаг вэ?

Цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбат: Нуулгүй хэлэхэд эхний нэг, хоёр жилд шантрах үе байсан. Хэцүү үедээ яагаад эхлүүлснээ, яагаад энэ албыг хүнд хэцүү гэдгийг мэддэг хэрнээ сонгосноо бодож, анх тавьсан зорилгоо дахин дахин санаж түүнийгээ даван туулдаг.

Цагдаагийн дэд ахлагч О.Батзориг: Тэсвэр тэвчээр шалгасан үеүд бидэнд үргэлж байдаг. Яг тухайн үедээ хэцүү шантармаар байсан ч давж гарсны дараа өөрөөрөө, хамт олноороо бахархах мэдрэмж төрдөг. Хамгийн жаргалтай дурсамжууд хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан үед бүрдсэн байдаг даа.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье!

Цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганбат: Баярлалаа. Биднийг үргэлж дэмжиж, урмын үгээр тэтгэж байдаг дасгалжуулагч, ажлын хамт олон, удирдлагууддаа нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс талархал илэрхийлье!

Цагдаагийн дэд ахлагч О.Батзориг: Ажлыг маань ойлгон үргэлж дэмжиж байдаг хамт олныхоо гэр бүлийнхэн болон өөрийнхөө гэр бүлийнхэнд баярлалаа гэж хэлье.

Сэтгэгдэлүүд

Дээш