logo
“Жи Тайм” сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийн талаар...

“Жи Тайм” сүлжээний гэгдэх эрүүгийн хэргийн талаар...

2021/08/09

“Жи Тайм” сүлжээний хэрэг буюу шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийн талаар уншигчид цөөнгүй асууж байгаа тул шүүхийн процессыг тоймлон хүргэе.

Анхан шатны шүүх:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан  /Залилах/  гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 687 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.Оюунчимэгт 5 жилийн ял оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх:

Ялтан Э.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга, иргэний хариуцагч, хохирогч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хэргийг 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 1458 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүх:


Ялтан Э.Оюунчимэг, түүний өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга, иргэний хариуцагч, хохирогч нар нь Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж, шүүх хэргийг 2021 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 216 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож хэргийг Давж заалдах шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Давж заалдах шатны шүүх:

Ялтан Э.Оюунчимэгт холбогдох хэргийг шүүх хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 638 дугаар магадлалаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хэвээр үлдээж, нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Улмаар  хэргийг 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр анхан шатны шүүх рүү буцаан хүргүүлжээ.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.10-2-т заасан “Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэсэн заалтын дагуу хэрэгт хэргийн оролцогчдоос гомдол гаргах 14 хоногийн хугацааг хүлээж байгаа аж. Хэрвээ хэргийн оролцогчид гомдол гаргавал Э.Оюунчимэгт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хянан хэлэлцэх юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн санал хураалт дуусах хүртэл сайтын сэтгэгдэл бичих талбарыг түр хаасан тул хүлцэл өчье. SUUM.MN сайтын редакц
Дээш