logo
TIME сэтгүүл онцлов: “Ардчилсан дүртэй түрэмгийлэл, гэмт хэргийг өөгшүүлсэн” Ерөнхийлөгчтэй улс

TIME сэтгүүл онцлов: “Ардчилсан дүртэй түрэмгийлэл, гэмт хэргийг өөгшүүлсэн” Ерөнхийлөгчтэй улс

2021/04/18

Олон улсын “Тайм” сэтгүүл Монгол Улсын стрaтегийн нөхцөл байдал, тэр дундаа удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар саяхан гарсан нийтлэлдээ онцолсон байна. Уг нийтлэлд “Бид маш хүнд бэрхшээл сорилттой нүүр тулж байна. Хятадын сэргэн мандалт нь Монгол шиг жижиг улс орнуудад хэрхэн нөлөөлөх вэ” хэмээн онцолжээ.

Уг нийтлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол хэлний асуудлаар БНХАУ-ын удирдагчид явуулсан захидлын талаар нилээд дэлгэрэнгүй өгүүлсэн  байна. Мөн Монгол Улсын хувьд бүс нутаг болон дэлхийн тавцанд улам хүчирхэгжиж буй Хятад, Оростой тэнцвэртэй харьцахын зэрэгцээ барууны ардчилсан орнуудтай дипломат харилцаатай байхыг хичээж байгаа боловч бодит байдал дээр гадаад бодлого хумигдаж буй талаар бас өгүүлжээ.

“Тайм” сэтгүүл уг нийтлэлдээ удахгүй болох манай улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь гадаад бодлогын тэнцвэртэй харилцаагаа хадгалахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын талаар зарим зүйлийг тодотгож бичсэн нь анхаарал татаад буй.

“Одоогийн эрх баригч Халтмаагийн Баттулга нь популист нэгэн бөгөөд бөх байснаа бизнесмен болсон... Монгол Улсад түүний бизнесийн эзэнт гүрнийг “Женко” гэх бөгөөд энэ нь Загалмайлсан эцэг киноны гол дүр Вито Корлеонегийн жинэхэнэ үйл ажиллагаагаа нуун далдалдаг байсан оливын тосны зохиомол компанийн нэр юм. Х.Баттулгын үед Монголын улс төр авторитар дэглэм руу чиглэсэн. Тэрбээр Ц.Элбэгдоржийн 2015 онд цуцалсан цаазаар авах ялыг сэргээхээр хичээн ажилласан ч амжилт олоогүй юм. Одоогийн Ерөнхийлөгчийн хувьд шүүх засаглалд хөндлөнгөөс нөлөөлсөн, авлигын хэргүүдийг олон тооны өрсөлдөгчиддөө тулгасан” гэж энэхүү нийтлэлд бичжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар гадаад ертөнцөд бичсэн зүйлийг тоймлоход түүнийг нэг талаас бөх, нөгөө талаас гэмт хэргийн загалмайлсан эцгээр нэрлэсэн Женко гэсэн дүр зураглал бий болж.

Тухайлбал 2019 оны 5 дугаар сард “Нийтийн эрх ашгийн төлөө сэтгүүл зүй” гэх уриатай олон улсад нэр хүндтэй ProPublica сэтгүүлд гарсан “Маккинсийг хөөсөн улс” (https://www.propublica.org/country-that-exiledmckinsey) гэдэг нийтлэлд Х.Баттулгыг ингэж тодорхойлж байв. Үүнд “эртнээс хатуу эрийн дүрийг бүрдүүлж ирсэн. Фрэнсис Форд Копполагийн “Загалмайлсан эцэг” кинонд тэр маш ихээр автагдан шляпан малгай өмсөж, Вито Корлеонегийн байгуулсан жинхэнэ үйл ажиллагаагаа нуун далдалдаг Женко компанийн нэрээр өөрийнхөө холдинг компанийг нэрлэжээ. “Монгол Женко” нь шөнийн цэнгээний газар, такси үйлчилгээ, сугалаа, мах боловсруулах үйлдвэр зэргийг эзэмшдэг. Х.Баттулгын түрэмгий төрх нь Монголын сонгогчдыг татсан боловч олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээх, дээрэмчин, түрэмгийлэгч мэтээр ойлголтыг өгч байв.” гэжээ.

Дээрх нийтлэлд АНУ-ын Маккинси компани 2011 онд Х.Баттулга сайдын Зам тээвэр, хот байгуулалтын яамтай Шинэ төмөр замын техник эдийн засгийн засгийн зөвлөгөө хийх гэрээнд зурсан тухай өгүүлжээ. Хачирхалтай нь Маккинси компани нь тус судалгааг 4 сая ам. доллараар боловсруулахыг санал болгосоор байтал Монгол Улсын Зам тээвэр, хот байгуулалтын яамны хүсэлт шахалтаар гэрээний дүнг 5.6 сая ам. доллар болгон өсгөжээ. Авилгалын эсрэг тэмцэх зөвлөгөөг компаниудад өгдөг ТРЭЙС байгууллагын тэргүүн Александр Враге-гийн үзэж байгаагаар “гэрээний үнийн дүнг өгсөх нэг л шалтгаан байдаг, илүү гарсан мөнгийг төрийн байгууллагын дарга нар буцааж авилгал хэлбэрээр авдаг” гэж хэлснийг нийтлэлд иш татжээ.

Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд энэ хэргийг мөрөөр орж Х.Баттулга, түүний зөвлөх Ч.Ганбат, бусад хүмүүсд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тухай бас бичсэн бөгөөд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр 2017 сонгогдож тус хэргийн явцыг “замхруулсан” тухай ч бас өгүүлжээ. Энэ нийтлэлийн талаар монголын сэтгүүлчид өмнө нь өгүүлж байсныг эндээс олж уншина уу https://ikon.mn/n/1kre.

Энэ мэтээр олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндэд Ерөнхийлөгчийнх нь дүр төрх ямар чухал гэдгийг олон нийтлэлээс харж болно.

Эх сурвалж: zuv.mn

Сэтгэгдэлүүд

Дээш