logo
Цэц Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ гэж үзлээ

Цэц Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс НЭР ДЭВШИХ БОЛОМЖГҮЙ гэж үзлээ

2021/04/16

Ирэх зургаадугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан өндөрлөж, шийдвэрээ гаргажээ.  

Ингэснээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс  дахин нэр дэвших эрхгүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн байна.   

Дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авснаар хүчин төгөлдөр болно. Харин УИХ хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар маргааныг эцэслэн шийдэх юм.

Тус хуралдааныг өнөө өглөө 09.30 цагт эхлүүлсэн ч нэг гишүүн татгалзан гарснаар хойшлуулсан юм.

Тодруулбал, Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж хуралдаанд оролцохоос татгалзсанаар үргэлжлүүлэх боломжгүй болсон. Харин түүний энэхүү үйлдэл нь хуралдаан бойкотлох анхны оролдлого боллоо хэмээн хуульчид дүгнэсэн. 

Ийнхүү шийдвэрээ гаргахаас өмнө Үндсэн хуулийн Цэцийн хуралдааныг саатуулах, нөлөөлөх гэсэн оролдлого хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгосноор 2018 онд Цэцийн гишүүнээр томилсон Ц.Нанзаддорж бүрэлдэхүүнд бойкот хийсэн бол үүнээс өмнө буюу өчигдөр Ерөнхийлөгчийн талынхан эртнээс төлөвлөсөн жагсаал цуглааныг зохион байгуулж, шийдвэрт нөлөөлөхийг санаархсан. Гэтэл дунд суудлын өглөөний хуралдаан  өндөрлөсний дараагаар АН-ын “цаасан”  дарга О.Цогтгэрэл,  УИХ-ын гишүүүн Б.Пүрэвдорж, А.Адьяасүрэн нарын зүгээс Цэцэд нөлөөлөхөөр оролдсон талаарх мэдээлэл ч хэвлэлээр гарсан. Тэдний зүгээс Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон гишүүдэд  нөлөөлөл үзүүлэх ямар хувилбар байж болох талаар судлан хэрэгжүүлж эхэлсэн талаар цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн.  

Ийнхүү шийдвэрт нөлөөлөх оролдлогыг Ерөнхийлөгчийн талаас хэд хэдэн удаа  гаргасан ч Үндсэн хуулийн Цэц хараат бусаар ажиллаж, бие даасан шийдвэр гаргалаа.
.

Сэтгэгдэлүүд

Дээш