logo
Д.Үүрцайх: Оролцогчид ямар ч мэдээлэлгүй байхад Х.Баттулгын талаас мэдээ тарааж эхэллээ

Д.Үүрцайх: Оролцогчид ямар ч мэдээлэлгүй байхад Х.Баттулгын талаас мэдээ тарааж эхэллээ

2021/04/16

Ирэх зургаадугаар сард болох  Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд Х.Баттулга дахин дэвших боломжтой эсэхийг шийдэх Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр (2021.04.16) болох байсан ч эхэлсэн даруйдаа хойшилжээ. Учир нь таван гишүүний бүрэлдэхүүнтэй болох тус хуралдаанд нэг гишүүн нь оролцохоос татгалзсан учраас ийн хойшлуулсан байна. Харин хугацааны хувьд дараагийн хурлын товыг нарийвчлан тогтоолгүйгээр хурлыг өндөрлүүлсэн аж.  

2019 онд Үндсэн хуулийг өөрчилснөөр одоогийн  Төрийн тэргүүн ба өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших боломжгүй гэж мэдээлэл гаргагчид үзсэн.  Энэ талаарх мэдээллийг хэд хэдэн хуульчийн зүгээс Цэцэд гаргасан. Тодруулбал, Д.Үүрцайх нарын нэг хэсэг байгаа бол О.Мөнхсайхан хуульчийн зүгээс ч мөн Цэцэд хандсан юм.  

Өнөө өглөөний хуралдаанд оролцсон хуульч Д.Үүрцайхаас энэ талаар тодруулахад “Цэцийн дунд суудлын хуралдааныг хойшлуулчихлаа. Ингэхдээ бидэнд ямар ч мэдээлэл өгсөнгүй. Ц.Нанзаддорж гишүүн  хуралд оролцохоос татгалзсан  гэж ойлголоо. Хуралд оролцсон бид ямар ч мэдээлэл авч чадаагүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр аль хэдийнэ Цэцийн шийдвэрийг мэдээлчихсэн байна шүү дээ. Х.Баттулга Ерөнхийлөгчийн талаас мэдээлэл тараасан гэж ойлгож байна. Тэр хүмүүс биднээс илүү Цэцийн шийдвэрийг мэдэж байна. Дунд суудлын хуралдааны бүрэлдэхүүнийг ч бидэнд мэдээлсэнгүй. Ц.Нанзаддорж хуралд оролцохоос татгалзана гэдгийг нөгөө тал мэдээлээд, аль хэдийнэ мэдээ тараад эхэлсэн байна гэдэг нь Цэцэд нөлөөлж буй нэг хэлбэр” гэлээ.

Сэтгэгдэлүүд

Дээш