logo
300 мянган төгрөг авч буй иргэд Засгийн газар, Сү.Батболдод талархахын учир

300 мянган төгрөг авч буй иргэд Засгийн газар, Сү.Батболдод талархахын учир

2021/04/09
Монголын иргэн бүр 300 мянган төгрөг авч эхэлсэн. 5 ам бүлтэй айл өрх гэхэд 1.5 сая төгрөг авахаар болж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эл шийдвэр Ерөнхийлөгчийн яриад байсан нэг өрхөд 1 сая төгрөгөөс хавьгүй илүү ончтой зөв шийдвэр боллоо. Иргэд ч ам сайтай байна. Монгол Улсын 3.3 сая иргэн тус бүр 300 мянган төгрөг авч буй энэ их хэмжээний мөнгийг Засгийн газраас Оюу толгойн татварын мөнгөөр төлж байна гэдгээ мэдэгдсэн. Оюу толгой манай улсад татвар төлөх эрх зүйн үндсийг 2012 онд Сү.Батболдын Засгийн газар анх санаачилж, шийдүүлсэн байдаг.

Ингэснээр Оюу толгой манай талаас тавьсан актын дагуу шаардлагыг биелүүлэх эрх  буюу Монгол Улс нэмж 1 тэрбум долларын татварын ихэнх хэсгийг авах эрх нь үүссэн юм. Нидерланд, Люксембург зэрэг оронтой аль 1990-ээд он, 2000-аад оны эхээр байгуулсан давхар татвараас чөлөөлөх хэлэлцээрийг 2012 онд Сү.Батболдын Засгийн газар УИХ-д өргөн барьж цуцлуулсан учраас энэ үлэмж хэмжээний татварыг Монголын тал нэмж авах боломж нь бүрдсэн.

"Оюу толгой" манай талаас тавьсан актын дагуу татварын эхний төлбөрөө төлөх ёстой болсны дагуу өнгөрсөн хоёрдугаар сарын 25-наас эхлэн манай улсын төсөв рүү "Оюу толгой" ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татвараа төлж эхэлсэн. Одоо энэ татварын мөнгөөр буюу Оюу толгойгоос орж ирсэн мөнгөөр Монгол Улсын иргэн бүртээ 300 мянган төгрөг олгож байна. Сү.Батболдын Засгийн газрын гаргасан шийдвэрээр иргэн бүрт 300 мянган төгрөг олгогдож байна гэсэн үг. Тэгэхээр өнөөдрийн 300 мянган төгрөгийг олгох эх суурийг тавьсан УИХ-ын гишүүн Сү.Батболдод, түүний бодлогыг залгамж халаагаар хэрэгжүүлж буй үе үеийн Засгийн газарт талархъя.

Х.ОДОН
 

Сэтгэгдэлүүд

Дээш