logo
“Сургалтын чанарт ахиц гаргацгаая” сургалт-семинар Сүхбаатар аймагт болж байна

“Сургалтын чанарт ахиц гаргацгаая” сургалт-семинар Сүхбаатар аймагт болж байна

2020/10/12
Сүхбаатар аймгийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтанд зориулсан “Сургалтын чанарт ахиц гаргацгаая” сургалт-семинар аравдугаар сарын 10-нд эхэллээ.
 
Уг сургалт нь хичээл, сургалтын чанарыг сайжруулах, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш нарт тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх гарцыг илрүүлэх, багшийн арга зүйд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
 
Боловсрол, шинжлэх ухааны яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл урлагийн газар хамтран зохион байгуулж буй уг сургалтад Сүхбаатар аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын мэргэжилтэн, захирал, сургалтын менежер удирдах ажилтан, цэцэрлэг, сургуулийн багш 360 гаруй хүн оролцож байна.
 
Нэгдсэн арга хэмжээний дараа оролцогчид судлагдахууны багаар хуваагдаж, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт-агуулгын залгамж холбоо, хичээлийн технологи, сургалтын орчин, хэрэглэгдэхүүн, хичээлийн бэлтгэл судалгаа, хичээл төлөвлөлтийн талаар хэлэлцэж, үнэлгээ, дүгнэлт хийх юм.

Сэтгэгдэлүүд

Дээш