logo
Нийслэлийн хэмжээнд улирал бүр халдваргүйжүүлэлтийг хийнэ

Нийслэлийн хэмжээнд улирал бүр халдваргүйжүүлэлтийг хийнэ

2020/04/14

Коронавируснмй халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлсэн юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 951 сая метр квадрат талбайг халдваргүйжүүлжээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба ариутгал халдваргүйжүүлэлт хийх тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжтэй хамтран гурван төрлийн бодисоор халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд цаашид нийслэлийн хэмжээнд халдваргүйжүүлэлтийг улирал бүр хийж байхаар тогтжээ. Мөн гэр хорооллын 220 мянган айл өрхүүдийн модон жорлонг ирэх 5 дугаар сарын 01-нээс өмнө стандартын дагуу ариутгалын бодисоор халдваргүйжүүлэлтийг хийж дуусгах юм байна. Хотын Захирагч С.Амарсайхан “Иргэд аж ахуй нэгжүүд ойр орчмын газартаа өөрсдөө ариутгал халдваргүйжүүлэлтээ хийх хэрэгтэй байна. Бүх зүйлийг хотоос хийх боломжгүй. Өмнө нь энэ мэтчилэн ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг  Улаанбаатар хотод хийж байгаагүй. Иймээс цаашид улирал бүр тэр тусмаа хаврын цагт ариутгал халдваргүйжүүлэлтийг өргөн хүрээнд хийнэ” хэмээлээ.

Хотын Захирагч мэдээллийн цагаараа Яармагт баригдаж буй 300 ортой 880 өрөөтэй нийслэлийн Эх хүүхдийн Эрүүл мэндийн төвийн барилгын ажил 95 хувьтай байгааг дуулгаад тун удахгүй ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар товч мэдээллээ. Мөн Улсын онцгой комиссын 8 дугаар тогтоолоор нийслэлийн хэмжээнд 1-р ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулахгүй байх шийдвэр гаргасныг уламжилав.

Ийнхүү нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан мэдээллийнхээ төгсгөлд иргэдээс ирүүлсэн асуултад хариуллаа. Иргэд, сэтгүүлчдийн зүгээс автомашины дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах, хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг асуултыг асуулаа. Хотын Захирагч С.Амарсайхан “Улсын онцгой комиссын Шуурхай штабаас ирүүлсэн санал чиглэлийг үндэслэж автомашины дугаарын хязгаарлалтыг судлаж байна. Хотын удирдлагууд олон хүмүүсийг цуглуулахгүй байх шийдвэрийн хүрээнд нэг дор олноор нийтийн тээврээр зорчуулах, дугаарын хязгаарлалтыг тэгш сондгойгоор зорчуулах асуудлын эсрэг байгаа. Онцгой нөхцөл шаардлага гарсан тохиолдолд дугаарын хязгаарлалт хийх, орон нутгийн замыг хаах зэрэг шийдвэр гарч болно” хэмээсэн юм.

Нийслэлийн хэмжээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын талаар хотын Захирагч С.Амарсайхан ийнхүү долоо хоног бүр цахимаар мэдээлэл хүргэхээр болж байгаа  юм. Мэдээллийг фэйсбүүк дэх “Нийслэлийн мэдээ” фэйж хуудсаар шууд дамжуулах бөгөөд тухайн цагт сэтгүүлчид болон иргэд Хотын даргатай шууд холбогдож сонирхсон асуултандаа хариулт авч болно.

Сэтгэгдэлүүд

Дээш