logo
Террорист байгууллагуудын санхүүжилт, түүний эх үүсвэр, түүнтэй тэмцэх асуудал

Террорист байгууллагуудын санхүүжилт, түүний эх үүсвэр, түүнтэй тэмцэх асуудал

2020/04/13

Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас 2020 оны 02 дугаар сард Аль-Кайда, “Исламын улс” буюу ДАЕШ (Islamic State of Iraq and Syria) террорист байгууллагын санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүй тайланг нийтэлсэн бөгөөд ФATФ-аас тус тайланг тогтмол шинэчилж гишүүн орнуудад хүргүүлдэг. Терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой асуудлаар нийтлэгдсэн тайланд дурдсан онцлох асуудлын гол агуулгыг үүгээр танилцуулж байна.

Нэг. Аль-Кайда, ДАЕШ террорист байгууллагын санхүүжилт, түүний эх үүсвэр, нөхцөл байдал

Өмнөх жилүүдтэй харьцуулахад ДАЕШ болон Аль-Кайда бүлэглэлийн санхүүжилтийн хэмжээнд харьцангүй бага өөрчлөлт орсон бөгөөд террорист байгууллагууд Ирак, Сирийн дэд бүтцийн салбар дахь сэргээн босголтын үйл ажиллагаанд зарцуулагдах хөрөнгийг хяналтад оруулах замаар санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлж байна. Түүнчлэн шинээр санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэхийн тулд террорист байгууллагын зүгээс халхавчийн компани, хүмүүнлэгийн байгууллага байгуулах замаар хөрөнгө босгох, улмаар түүнд цугларсан сан, хөрөнгө мөнгийг өөрийн хяналтад  байлгаж үр ашгийг нь хүртэх чиг хандлага байгааг анхааруулжээ.

Өнөөдрийн байдлаар ДАЕШ террорист байгууллагын удирдагчдын мэдэлд ихээхэн хэмжээний бэлэн мөнгөний нөөц байх өндөр магадлалтай бөгөөд Абу Бакр Аль-Багдадигийн үхэл терроризмын санхүүжилтийн стратегид урт хугацаанд өөрчлөлт оруулж болзошгүй гэсэн дүгнэлт байна.

ДАЕШ террорист байгууллагын хувьд өөрийн хяналтад буй бүс нутгаас гадуур хөрөнгө босгох ажлыг хэрэгжүүлсээр байгаа төдийгүй хамаарал бүхий бусад террорист бүлэглэлтэй харилцаагаа бэхжүүлж нөлөөллөө нэмэгдүүлэхийг эрмэлзэж байна. Эдгээр жижиг хэмжээний бүлэглэлүүдийн дийлэнх нь Ази, Африкийн бүс нутагт байрлаж улмаар бие даан үйл ажиллагаа явуулах чадамжтай байгаа нь цаашид терроризмын нөхцөл байдал хүндэрч, хамрах хүрээ нь өргөжиж болзошгүй байгааг харуулж байна.

Тэд мөн Аль-Кайда, ДАЕШ террорист байгууллагуудтай нууц далд хэлбэрээр хамтран ажиллаж, хөрөнгө босгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ зарим тохиолдолд санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэх чиглэлээр үүрэг даалгавар авч ажиллаж буй талаар үндэслэл бүхий мэдээлэл байна.

Сүүлийн жилүүдэд ДАЕШ болон Аль-Кайда террорист байгууллагуудын зүгээс цахим орчныг ашиглан хөрөнгө босгох үйл ажиллагааг идэвхтэй явуулах болсон. Өмнө нь террорист үйл ажиллагаанд ашиглах зорилгоор аливаа гүйлгээ, шилжүүлгийг хийхдээ бэлэн мөнгө болон мөнгөн гуйвуулгын үйлчилгээний төрлүүдийг (hawala[1])-г түлхүү ашиглаж байсан.

Эдгээр нь ДАЕШ, Аль-Кайда болон тэдгээрийн холбоотнуудын хувьд хамгийн түгээмэл арга хэвээр үлдэж байгаа боловч цаашид түүнийг ашиглах нь эрсдэл дагуулж байгаа. Иймд террорист этгээдүүдийн зүгээс нарийн зохион байгуулалттай, гуравдагч улс орон дахь халхавчийн байгууллага болон хувь хүнээр дамжуулан хийгдэж буй цахим төлбөр тооцоонд ихээхэн анхаарал хандуулах болсон байна. Тухайлбал нууцлал, аюулгүй байдлын хувьд найдвартай арга хэрэгслүүдийн нэгд тооцогдох virtual asset[2] буюу цахим валютыг ашиглаж байгаа нь түүнийг илрүүлэх, таслан зогсооход хүндрэл бэрхшээл учруулах болсныг тайланд онцолжээ.

Сүүлийн жилүүдэд цахим валютын хэрэглээ огцом нэмэгдсэнээс болж шинээр олон төрөл үүссэн төдийгүй ханш нь хэлбэлзэлтэй, тогтворгүй байх болсон. Иймд дэлхийн цахим валютын зах зээлийн хэмжээг тодорхойлох боломжгүй байна. Монгол Улс төдийгүй дэлхийн хэмжээнд блокчэйн технологи дээр суурилсан цахим валютын харилцааг зохицуулах эрх зүйн орчин сул байгаа нь террорист этгээдүүдэд үйл хэргээ гүйцэлдүүлэх нөхцөл бүрдэж байна.

Хоёр.ФАТФ-ын гишүүн улсуудаас терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой илэрхийлсэн зарим байр суурь, дүгнэлт

ИБУИНВУ: Террорист байгууллагын өнөөдрийн нөхцөл байдалд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, тэр дундаа хүн худалдаалах гэмт хэргээс олсон ашиг орлого нь санхүүжилтийн чухал эх үүсвэр болж байгааг онцлов. Түүнчлэн өөрсдийн дэмжигч бүлэглэл, иргэдээс өгсөн хандив, тусламж зэргээс санхүүжилт авч түүнийг ихэвчлэн бэлтгэл сургуулилт, гишүүн элсүүлэх зэрэг үйл ажиллагаанд зарцуулж байна гэж үзсэн.

Европын комисс: Террорист байгууллагуудын санхүүжилтийн үндсэн эх үүсвэр нь өөрийн бүс нутаг, хяналтад байгаа газар нутаг болон гишүүдээр дамжуулан дотоодын аж ахуйн нэгжүүдэд татвар ногдуулах, төлбөр хураамж авах, хууль бус худалдаа, тээврийн аюулгүй байдлыг хангах замаар ашиг олох, арилжааны банк, цэгүүдийг дээрэмдэх болон гаднаас аливаа хэлбэрээр хандив, тусламж авах, тэр дундаа цахим валютын үйлчилгээг ашиглаж хөрөнгө босгож байгааг онцолсон.

БНФУ: Террорист бүлэглэлүүдийн зүгээс цахим валют ашиглах нь эрс нэмэгдэж байгааг онцлов. ДАЕШ террорист байгууллагын хувьд иргэн, аж ахуйн нэгжийг түрэмгийлэх, хүчирхийллийн замаар хөрөнгө босгох үйл явц хэвээр үргэлжилж байгааг онцолсон. Тухайлбал, Сирийн зүүн хэсэгт байрлах газрын тосны үйлдвэрийн томоохон албан тушаалтнуудыг айлган сүрдүүлж, ихээхэн хэмжээний хөрөнгө босгосон мэдээлэл бий.

ОХУ: Террорист байгууллагын гишүүд нь өөрсдийн эзэмшдэг үл хөдлөх хөрөнгийг худалдаалах эсхүл түрээслүүлэхээс гадна эмийн бизнес болон гэр ахуйн барааны худалдаа зэрэг хууль ёсны бизнест хөрөнгө оруулалт хийж түүнээс ашиг олох чиг хандлага ажиглагдаж байгааг анхааруулсан байна.

АНУ: ДАЕШ террорист байгууллагын Афганистан дахь удирдагчид цаашид санхүүжилтийн эх үүсвэрээ Төв Ази, Өмнөд Ази болон Зүүн өмнөд Азийн бүс нутагт бий болгохоор төлөвлөж, энэ бүс нутаг руу чиглэсэн үйл ажиллагаа явуулахад анхаарч байгааг тус тус анхааруулаад байна.

Дүгнэлт, санал: Хэдийгээр ДАЕШ террорист байгууллагын удирдагч Абу Бакр Аль-Багдадигийн үхэл тус террорист байгууллагын үйл ажиллагааг саармагжуулсан боловч санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэх үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхээргүй байгааг ФАТФ-ын гишүүн улсууд онцлоод байна. Түүнчлэн ДАЕШ, Аль-Кайда террорист байгууллагатай холбоо хамаарал бүхий террорист бүлэглэл, этгээдүүдийн зүгээс өөрсдийн хүрээнд санхүүжилтийн эх үүсвэрийг бүхий л хэлбэрээр бүрдүүлж байгаа нь түүнийг таслан зогсооход хүндрэл учруулах болов.

Нөгөө талаас тэдний зүгээс террорист халдлага, дайралтыг бага зардлаар их хохирол учруулах хэлбэрээр үйлдэх, зохион байгуулахад анхаарах болсон байна. Тухайлбал, ДАЕШ террорист байгууллага, тэдгээрийг дэмжигч этгээдүүдийн зүгээс 2019 онд Европт зохион байгуулсан олон тооны халдлага, дайралтууд нь их хэмжээний хөрөнгө шаардаагүй нь тус халдлагуудыг террорист этгээдүүд өөрсдөө санхүүжүүлсэнтэй холбоотой.

Иймд олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр дараах арга хэмжээг авч байна. 

Нэг.Сүүлийн жилүүдэд санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэхдээ цахим орчныг ашиглах, чингэхдээ цахим валютыг түгээмэл хэрэглэж байгаа нь террорист этгээдүүдийн хувьд өөрсдийн төдийгүй харилцагчийнхаа мэдээллийг нууцлах, аюулгүй байдлыг хангах боломжийг олгож байгаа тул түүнтэй тэмцэх чиглэлээр олон улсын байгууллагаас анхаарал хандуулах болсон. Үүний нэгэнд ФАТФ-аас улс орнуудад цахим төлбөр тооцооны хэрэгсэл, цахим валютын гүйлгээнд тавих хяналтыг сайжруулахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг шинээр бий болгохыг зөвлөмж болгож, энэхүү асуудлыг ФАТФ-ын 40 зөвлөмжинд шинээр тусгаж байгаа болно. Олон улсын нөхцөл байдал, түүнээс гарч болзошгүй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд манай улсад цахим валют, төлбөр тооцооны эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага байгаа төдийгүй энэ чиглэлээр холбогдох байгууллагын албан хаагчдаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа болно.

Хоёр.Терроризмыг санхүүжүүлэх гэмт хэрэгтэй тэмцэх амжилтын үндэс нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан санхүүгийн зорилтот хориг арга хэмжээг гишүүн улсууд тухай бүр хэрэгжүүлэх, энэ чиглэлийн хамтын ажиллагаа, мэдээлэл солилцооны шуурхай байдлыг хангах юм. Энэ хүрээнд  манай улсын хувьд хориг арга хэмжээг хэрэгжүүлэх эрх зүй, зохион байгуулалтын тогтолцоог бий болгож, гагцхүү түүнийг хүн, хуулийн этгээд хэрэгжүүлэх чиглэлд онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна.

Монгол Улсын хэмжээнд терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон улсад үүсээд буй дээрх нөхцөл байдалтай уялдуулан манай улсад үүсч болзошгүй эрсдэлийг тодорхойлох, түүнийг бууруулах чиглэлээр Тагнуулын байгууллага, Терроризмтой тэмцэх зөвлөлөөс “Монгол Улсын терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэх эрсдэлийн үнэлгээ”-г 2018 онд анх удаа боловсруулсан. Улмаар энэхүү эрсдэлийн үнэлгээг шинэчлэн боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд үнэлгээгээр эрсдэл өндөртэй салбаруудад чиглэсэн эрсдэлийг бууруулах арга хэмжээг төр болон хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлэх, Монгол Улсын ҮАБЗ-д танилцуулж, шаардлагатай арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлнэ.

ТЕРРОРИЗМТОЙ ТЭМЦЭХ ЗӨВЛӨЛ

 

АШИГЛАСАН МАТЕРИАЛ:

  1. ФАТФ-аас боловсруулсан Аль-Кайда, ДАЕШ террорист байгууллагын санхүүжилтийн талаарх тайлан (ISIL, Al-Qaeda and Affiliated Financing Update, February 2020)

[1] Hawala - Араб болон Өмнөд Азийн орнуудад хэрэглэгддэг мөнгөн шилжүүлгийн нэг төрөл бөгөөд илгээгч этгээд зуучлагчаар дамжуулж өөр улсад буй хүлээн авагчид мөнгө шилжүүлэх албан бус үйлчилгээ.

[2] Virtual asset буюу цахим валют – виртуал орчинд ашиглагддаг блокчэйн технологи дээр суурилсан Bitcoin, Zcash зэрэг өндөр нууцлал бүхий нэгдсэн зохицуулалтгүй цахим тооцооны хэрэгсэл.

 
 
 

Сэтгэгдэлүүд

Дээш