logo
Богд хааны заан

Богд хааны заан

2020/03/30

Монгол Улсын сүүлчийн эзэн хаан Богд Жавзандамба Агваанлувсанчойжинямданзанванчүг (1869–1924) сонин хачин, ховор живэр зүйлсийг үнэ хөлс хайрлахгүйгээр авч цуглуулдаг нэгэн байжээ. Түүний цуглуулгад автомашин, хөгжмийн зэмсэг, харилцуур утас,болор эдлэл, шаазан эдлэл, уран зураг, ховор амьтад, шувуу, заан, Гималайн баавгай, сармагчин, Энэтхэгийн могой, тоть гээд олон төрлийн амьтад, янз бүрийн цаг  байсан тухай түүхэн эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлджээ.

Богд Жавзандамба хааны цуглуулгын хамгийн сонирхолтой нь 1912 оны сүүлч, 1913 оны эхээр Монгол Улсын төлөөлөгчид Орост анхны албан ёсны айлчлал хийх үеэр 22 мянган  рублиэр худалдан авсан нэгэн бага биетэй бор заан юм.

Тэрхүү зааныг 1913 оны хавраас өвлийн дунд сар хүртэл зааныг вагонд ачуулах, хөлөөр нь явуулах зэргээр найман сар гаруй аялуулсаар Хиагт хотноо авчирсан аж. Улмаар 1914 оны хавар зааныг хөтлөх, туух зэргээр гурван сар аялуулсаар Нийслэл Хүрээнд авч ирж Богд хаанд өргөжээ. Зааны хоолонд зориулж өдөрт 21 ширхэг мантуу, хоёр жин шар тос, гурван шанага улаан чавга зарцуулж байсан тухай архивын баримт ч бий. 1924 онд Богд хаан таалал төгссөнөөр зааныг харах хүнгүй шахам болж, 1926 оны үед тэр заан үхсэн гэдэг.

Сэтгэгдэлүүд

Дээш