logo
Б.Пүрэвням: Программ хангамж бол оюуны хүч хөдөлмөрөөр бүтдэг цаг хугацаа шаардсан ажил

Б.Пүрэвням: Программ хангамж бол оюуны хүч хөдөлмөрөөр бүтдэг цаг хугацаа шаардсан ажил

2020/01/24

Хуучин он хулжиж, шинэ он хаалга тогшиж буй баярын өдрүүдэд 2019 ондоо ажил бүтээлийн амжилтаараа бусдыгаа хошуучлан ОБЕГ-ын “Хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн орлогч дарга бөгөөд программ хангамж, техник ашиглалт хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Пүрэвнямтай ярилцсанаа хүргэж байна.

-Айлчлан ирж буй шинэ он амжилтыг дагуулаад ирлээ. Уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?

-Баярлалаа. Өнгөрөн одож буй 2019 он ажил ихтэй, түүнийгээ дагаад амжилтаар дүүрэн байлаа. Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгээд 15 жил болж байна. Энэ хугацаанд программ хангамжийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, бүтээлийг минь үнэлсэнд баярлаж байна. Амьдралын утга учир, ажлын амжилт бүхэн албатай минь холбоотой юм даа.

 -Онцгойн алба хаагч гэдгээр нь л мэдэх юм. Тантай дэлгэрэнгүй танилцмаар байна?

-Би Улаанбаатарынх. Ээж маань Ховдынх. Аав минь Говь-Алтайнх. Бага нас минь 100 айлд өнгөрсөн. Эцэг, эхээс тавуулаа. Ах, гурван дүүтэй. Ах маань бас цэргийн хүн. Арван жилийн сургуулиа төгсөөд  3,4 жил хувиараа хөдөлмөр эрхэлсэн. Тэгээд дээд боловсролтой болохоор шийдээд “Цахим” дээд сургуульд суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд удаагүй байтал Зэвсэгт хүчний 189 дүгээр анги программ хангамжийн мэргэжилтэн шалгаруулж авч байгаа мэдээллийг хүнээс сонсоод шалгаруулалтад орж тэнцсэн. Тэнд 4 жил ажилласан.  Бэлтгэл хурандаа Д.Ариундалай даргатайгаа хамт ажилладаг байлаа. Онцгой байдлын байгууллага руу шилжээд намайг хамт ажиллах уу гэхэд нь татгалзаагүй. Тухайн үед гурван байгууллага нэгдэж, нэгдсэн тогтолцоонд шилжиж байсан үе.

-Аливаа зүйлийг эхлүүлэх нь өөрөө амжилт байдаг. Түүхэн цаг үеэс хойш өнөөг хүртэл гүйцэтгэж ирсэн ажлуудаасаа дурдвал?

-Тийм шүү. Анхандаа бол мэргэжилтнүүдийнхээ компьютерийг засах, форматлах, хэрэглээ талаас нь мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажилладаг байлаа. Анхны томоохон ажил нь 2007 онд хийсэн байгууллагын цахим сайт. Гэтэл 2009 онд ЦЕГ-ын харьяа Мэдээлэл, шуурхай удирдлагын төв байгуулагдаад  ажиллах томилгоо хийгддэг юм. Тэнд 4 жил гаруй программ хангамжийн чиглэлээр ажилласан. Ажиллаж байхдаа Солонгос улсад мэргэжил дээшлүүлэх 2 сарын сургалтад хамрагдсан нь мэргэжлээ дээшлүүлж, өөрийгөө хөгжүүлэхэд томоохон дэвшил болсон.  Түүнээс хойш Онцгой байдлын байгууллагын хүний нөөцийн цахим бүртгэл, мэдээллийн систем, хувцас хангалт, галын болон хоногийн нөхцөл байдлын мэдээ зэрэг программуудыг хийсэн байна. Эдгээр программууд нь тус тусдаа олон дэд системтэй учраас байнгын хөгжүүлэлт, шинэчлэлтүүд хийгддэг.  Хоногийн нөхцөл байдлын мэдээллийн санг одоогоор Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн ерөнхий зохицуулагч нар бүрдүүлж байна. Цаашид орон нутагтаа болон бүс нутгийн хэмжээнд мэдээллээ оруулаад төв байгууллага дээрээ нэгтгэдэг байхаар шинэчлэлүүд хийгдэнэ. Ингэснээр мэдээлэл шуурхай, хүртээмжтэй, орон зайнаас үл хамааран үйл явцтай танилцах боломж бүрдэх юм.

-Нүд ирмэхийн зуур л техник, технологи хөгжиж байна. Үүнийг дагаад ур чадвараа дээшлүүлэх, суралцах хэрэгтэй болно. Мэргэжлийн онцлог  юм даа?

-Мэргэжлээрээ Онцгой байдлын байгууллагад ажиллаж байгаадаа бахархдаг. Ялангуяа хүнд амьдрал, аз жаргал, эрүүл энхийг бэлэглэдэг аврагч нар маань миний бахдал. Тэднийхээ үүрэг гүйцэтгэж байгаа гамшиг, ослын дуудлага мэдээллийг нэгдсэн байдлаар ойлгомжтойгоор олон нийтэд хүргэж ажиллах нь миний үүрэг юм даа. Ажлын онцлог гэвэл цаг хугацаа их шаардана. Хамгийн гол нь хийж байгаа ажилдаа төвлөрөх. Ингэж байж л үр дүн гарна шүү дээ. Тархиа сайн ажилууллах, олон талын мэдээллийг нэгтгэж байж өөрийн хийж байгаа программынхаа шийдлийг олдог.Тийм учраас байнгын өөрийгөө хөгжүүлэх, шинэ техник, технологийг цаг алдалгүй ашиглах хэрэгцээ гардаг даа. Программ хангамж нь төрөл төрлөөр хөгжсөн байдаг. Тухайлбал, сайтын, хэрэглээний  болон ухаалаг утасны апплейкшн гэх мэт. Аль, алийг нь хийх чадвартай, хөрвөх шаардлага гардаг. Байгууллагын үйл ажиллагааг цахимаар гүйцэтгэх программ хангамжтай болсноор цаг хугацаа, зардлыг хэмнэх олон давуу талтай.  Зарим үед бусдын хөгжүүлсэн программыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх  ч  үе байна. Хүн бүр төгс биш шүү дээ. Өөрөөр хэлбэл хүний оюуны хүч хөдөлмөрөөр бүтдэг ажил бол программ хангамж гэж ойлгож болно. Суралцсаар л байна.

Удахгүй шинэ он гарах нь. Шинэ жилийн баяраа хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг вэ?

-Манайх ам бүл тавуулаа. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Том нь 12, дундах нь 7, бага нь 3 настай. Гэр бүлээрээ ээжийндээ очиж баяраа тэмэдэглэдэг. Ах, дүүсээрээ цуглараад амжилт бүтээлээ ярилцаад л шинэ  оноо угтана даа. Хүн бүрийн л хүсэн хүлээдэг баяр болохоор сайхан бүхнээ л дурсаж, шинэ оны амжилт, аз жаргалаа бэлгэддэг.

-Онцгой байдлын байгууллага гамшгийн менежментийн тогтолцооноос гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо руу шилжиж байна. Энэ шилжилтийн хүрээнд хийгдэж байгаа томоохон ажлууд бол  программ хангамж. Цаашид хийхээр зорьж байгаа ажлуудыг сонирхож болох уу?

-Тэгэлгүй яахав. Гал түймрийн нөхцөл байдлын мэдээг цахим хэлбэрт шилжүүлж, мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор Гал түймэртэй тэмцэх газартай хамтраад шинэ программ хийнэ. Мөн алба хаагчдын эрүүл мэндийн мэдээллийг нэгтгэсэн системийг хийх, гамшиг, ослын мэдээллийг цаг алдалгүй газар дээрээс нь мэдээлэх гар утасны тусгай программыг ч хийхээр төлөвлөж байна. Улсын хэмжээнд Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг байгуулж, техник, тоног төхөөрөмжөөр хангагдсан, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээд эхэлчихсэн гээд давуу тал олон шүү. Цаашид улам л боловсронгуй болгох шаардлага байгаа.

-Баярлалаа танд. Шинэ он таны зорьсон бүхэн нь биелэх болтугай?

-Онцгой байдлын байгууллагын үүсэл хөгжлийг нүдээр харж, алба хаагчийн хувьд бага ч гэсэн хувь нэмрээ оруулан ажиллаж байгаадаа баяртай явдаг юм. Хүн бүр үүргээ нэр төртэй биелүүлвэл амжилт ойрхон байдаг гэж ойлгодог. Өргөсөн тангаргаасаа няцалгүй мөр зэрэгцэн ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа бүх хүмүүстээ талархал илэрхийлмээр байна. Та бүхний минь гавьяа цаглашгүй их билээ. Шинэ жилийн баярыг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газрын дарга, даргын зөвлөлийн гишүүд болоод нийт алба хаагчдадаа баярын мэнд дэвшүүлье. Учран золгож буй 2020 он хүн бүрийн амжилт, бүтээлийн жил байх болтугай. Эрүүл энх байж, ихийг хийж бүтээгээрэй.

Эх сурвалж: Онцгой мэдээ сонин

Сэтгэгдэлүүд

Дээш