logo
ТЭЦ-5-ыг барих төсөлд гадны хөрөнгө оруулагч оролцох бололцоотой боллоо

ТЭЦ-5-ыг барих төсөлд гадны хөрөнгө оруулагч оролцох бололцоотой боллоо

2011/11/11
"Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм.
 “Улаанбаатар хотод дулаан цахилгааны 5 дахь шинэ эх үүсвэрийг барих” төслийн техник, эдийн засгийн бололцооны судалгаа хийх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн нэгдсэн судалгааг бүрэн хэмжээгээр хийх, бохирдуулах хаягдлыг бууруулах, нүүрстөрөгч багасгах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, санхүүжилтэнд төр хувийн хэвшлийн түншлэл ашиглах боломжийг судлах техник, эдийн засгийн үндэслэлийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж дуусгаад байгаа аж.
  Тус техник, эдийн засгийн үндэслэлийн дүгнэлтэнд газар зүйн байршлын хувьд хэд хэдэн хувилбарыг судлан үзсэнээс одоогийн ДЦС III-ын байгаа газрыг хамгийн тохиромжтой, одоо байгаа дэд бүтцийг бүрэн ашиглах боломжтой бөгөөд  байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн үнэлгээний судалгаагаар шинэ дулааны цахилгаан станцыг ДЦС III-ын байгаа хэсэгт байрлуулах нь байгаль орчны хувьд зохистой гэдгийг тогтоосон байна.
 Засгийн газрын хувьд Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангад нэн тэргүүнд дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар ДЦС III–ын нам даралтын хэсгийг буулгаж 2015 он гэхэд ДЦС Y-г 1,101 Гкал/ц дулаан, 2020 он гэхэд 1101 Гкал/ц дулаан, 820 МВт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал бүхий станцыг хоёр үе шаттайгаар байгуулах саналтай байгаа юм байна.
    Тиймээс “Төрийн өмчийн 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг боловсруулсан нь энэ юм байна.
    Улсын Их Хурлын дээрх тогтоолын хавсралтын 5.2-ын “үндэсний хөрөнгө оруулагчийг“ гэснийг “үндэсний хөрөнгө оруулагчийн оролцоотой хөрөнгө оруулагч” гэж өөрчилсөнөөр концесс эзэмшигчийг сонгон шалгаруулалтад зөвхөн үндэсний хөрөнгө оруулагч нар нь гадаадын хөрөнгө оруулагч нартай хамтран оролцож болох ажээ.
Дээр дурдсан техник, эдийн засгийн үндэслэлийг хийхэд нийтдээ 1.2 сая ам.доллар зарцуулсан бөгөөд энэ мөнгө нь буцалтгүй тусламж юм байна. Мэдээж судалгааны ажлыг хийхэд Монголын талаас хараа хяналтаа тавьсан бөгөөд дотоодын эрдэмтэд багтсан зөвлөх баг дээрх судалгаанд оролцсон гэж ЭБЭХ-ний сайд Д.Зоригт тайлбарласан юм.
Эдийн засгийн байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр батлах саналыг нэгдсэн хуралдаанд оруулсныг хуралдаанд оролцогчдын олонхи дэмжсэн юм. Ингээд дээрх тогтоолыг гишүүд баталлаа.
Нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь УИХ-ын гишүүн Д.Одхүүгийн өргөн мэдүүлсэн "Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын 2010 оны 11 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа.
УИХ-ын гишүүн Д.Одхүү Төрийн өмчийг 2010-2012 онд хувьчлах, өөрчлөн байгуулах жагсаалтаас Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг санах саналыг тогтоолын төсөлдөө тусгасан юм. Дулааны цахилгаан станцын хувьчлал огт амжилттай болоогүй бөгөөд хувьчлагдсан газруудын олонхи нь дампуурч, дөрвөн аймгийн дулааны станцыг төр буцаан авахад хүрсэн учир ийм байдалд хүргэхгүйн тулд хувьчлах, өөрчлөн байгуулах жагсаалтаас хасуулах саналыг эрхэм гишүүн гаргаад байгаа аж.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С. Бямбацогт, Ховд аймгийн дулааны станцыг 2004 билүү 2005 онд хувьчилсан. Ингэхдээ бүх магистрал шугамуудыг хамтад нь хувьчилчихсан. Одоогийн дулааны станцын үйл ажиллагаа мэдээж тааруухан. Шинээр дулааны станц барих гэхээр дахин шинээр магистрал шугам барих болдог. Энэ асуудлыг засч залруулах боломж байгаа юм хэмээн ТӨХ-ний дарга Д.Сугараас тодрууллаа. Тэрбээр мөн Хөтөлийн цементийн үйлдвэр цементээ үйлдвэрийн үнээр нийлүүлдэг гэдэг. Яг үнэндээ тийм хямд үнээр нь эрх мэдэлтэй, албан тушаалтай,   танил талтай хүмүүс л авдаг. Жирийн иргэд, бизнесменүүд дамын үнээр авдаг. Дарханы төмөрлөгийн үйлдвэр ч мөн адил. Арматурын төмрийг нь танил талтай хүмүүс л хямдаар авдаг. Энэ үйлдвэрүүд хувьчлагдсан юм уу, үгүй юмуу. Яахаараа иргэдэд ингэж хандаж байдаг юм бэ гэж асуусан юм. 
ТӨХ-ны дарга Д.Сугар, Ховдын дулааны станцыг мөрдөгдөж байсан журмын хүрээнд орон нутгийн хувьчлалаар хувьчилсан байдаг. Ингэхдээ төрд үлдэх ёстой байсан сүлжээтэй нь хамт хувьчилсан юм билээ. Үүнтэй холбоотой асуудлыг судлахаар ТӨХ-ны ажлын хэсэг явах гэж байна. Бид хувьчлалыг зөв явагдсан эсэхийг тогтооно. Засч залруулах талаар арга хэмжээ авах болно. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг хувьчлаагүй. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн нээлттэй уралдаант шалгаруулалтаар хувьчил гээд заачихсан. Харин Засгийн газар стратегийн ач холбогдолтой үйлдвэрээ хувьчлахгүй байж байгаад Их Хуралдаа шалтгааныг тайлбарлья гэж байгаа. Бүтээгдэхүүний хувьд хүрэлцээтэй холбоотой асуудал байгаа байх. Гэхдээ энэ чиглэлээр арга хэмжээ аваад эргээд мэдэгдэх болно хэмээсэн.
Хувьчлах төрийн өмчийн жагсаалтаас Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг хасах тухай тогтоолын төслийг Засгийн газар хэлэлцээд дэмжсэн саналыг ирүүлсэн юм байна. Эдийн засгийн байнгын хороо анхны хэлэлцүүлгийг хийгээд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр батлах саналыг оруулж ирсэн бөгөөд гишүүдийн олонхи мөн дэмжсэн. Ингээд дээрх тогтоолыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар баталлаа.

Сэтгэгдэлүүд

Дээш