logo

"Дулааны Цахилгаан Станц IY" ТӨХК-д хэрэгжүүлэх төслийг 8.5 сая еврогоор санхүүжүүлнэ

2011/11/10
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн өөр нэг асуудал бол Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулах Зээлийн хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банк хооронд байгуулах Нэмэлт зээлийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх эсэхийг байлаа.
Энэ удаагийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хоёр төсөлд хөнгөлөлттэй зээл авах асуудал тусгагджээ.
8.5 сая еврог "Эрчим хүчний үр ашиг II" төсөлд зарцуулах, үүний тулд эрчим хүчний хэрэглээг байгаль орчинд ээлтэй, олон улсын шинэ техник, технологид нийцсэн, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлсэн, цаг уурын өөрчлөлттэй уялдсан хөгжлийн чиг хандлага бүхий туршлагыг "Дулааны Цахилгаан Станц IY" Төрийн өмчит хувьцаат  компанид хэрэгжүүлэхээр, 4.5 сая еврог "Улаанбаатар хотын хүнсний хангамжийг сайжруулах зорилгоор бүс нутгийн тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх" төсөлд зарцуулах, үүний тулд Улаанбаатар хотын СХД-ийн Жаргалант тосгоноос Төв аймгийн Батсүмбэр сум хүртэлх 29.4 км асфальтбетон хучилттай шинэ авто зам барих ажлыг гүйцэтгэхээр, зээлийн хүүг жилд 0.75 хувь, зээлийн эргэн төлөх хугацаа 40 жил, үүнээс үндсэн өрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байхаар төлөвлөсөн байна.
Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулах Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төслийн зөвшилцлийн асуудлыг мөн хэлэлцлээ.
Энэхүү Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр нь 2 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас 40 сая хүртэлх еврогийн нөхцөлт хөнгөлөлттэй зээлийг дэд бүтэц, орон нутгийн ус, эрүүл ахуй, хог хаягдал, бохир ус, замын хөдөлгөөний аюулгүй байдал, төмөр зам, боловсрол, техник, мэргэжлийн сургалт, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал гэсэн салбаруудад хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Байнгын хорооны гишүүд зөвшилцөөд дээрх хэлэлцээрийг дэмжихээр тогтлоо.
 

Сэтгэгдэлүүд

Дээш