-Сэлэнгэ аймагт болсон МАХН-ын Удирдах ажилтны уулзалт, зөвлөлгөөнөөр ямар асуудлыг хөндөж ярив. Хамрах хүрээний хувьд ямар байв?
-Сэлэнгэ аймгийн бүх сумдын төлөөлөл энэ удаагийн уулзалт, зөвлөгөөнд хамрагдаж чадсан. Сэлэнгэ аймагт МАХН-ын үйл ажиллагааг удирдан чиглүүлж байгаа нийтдээ 40-өөд удирдах ажилтан энэ удаагийн зөвлөлгөөнд хамрагдлаа. Зөвлөлгөөнд хамрагдсан удирдах ажилтнууд 2016 оны сонгуульдаа идэвхитэй бэлдэхээ илэрхийлсэн. Нөгөө талдаа нэр дэвшигчдэд тавих шалгуур, шүүлтүүрийг маш нарийн хийх ёстой юм гэсэн байр суурьтай байсан. Ард түмнээсээ сонгогдоод УИХ, Засгийн газарт орчихдог. Орсон хойноо ард түмнээ мартчихдаг байж яавч болохгүй гэж байв.
Сэлэнгэ аймаг өөрөө онцлог аймаг. Газар тариалангийн бүс нутаг гэж явдаг. Энэ өдрүүдэд тариалалтын их ажил тус аймагт эд өрнөж байна. Тиймээс Сэлэнгийн иргэд газар тариалантай холбоотой зарим асуудлыг хөндөж байсан. Тухайлбал, бага дунд орлоготой иргэдийн ажлын байрыг бий болгох, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих тал дээр төрөөс хойрог хандаж байгааг хэлж байна. Төмс, хүнсний ногоо тариалдаг иргэдийг хүлээж авахад муу байгаа гэж байна. Томоохон талбайд тариалалт эрхэлдэг, хөл дээрээ зогссон хэсэг нь тариалсан ургацаа борлуулаад явчихдаг бол жижиг талбай дээр өөрийн бололцоогоо дайчлаад төмс, хүнсний тариалчихсан иргэд нэгэнт тарьсан ургацааа борлуулах зах зээл тааруу, үнэ ханшийн алдагдал хүлээдэг тухайгаа хэлж байна. Тиймээс газар тариалангийн чиглэлд жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй иргэдийг дэмжиж ажиллахыг сануулж байна. Цаашдаа МАХН УИХ, Засгийн газарт байгаа төлөөллөөрөө дамжуулан энэ чиглэлийн ажилд анхаарч ажиллах ёстой юм гэсэн дүгнэлтэд хүрсэн. Ер нь аль ч аймагт очсон орон нутгийн иргэдийн байнга шахуу хэлж байгаа зүйл бол эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулж байгаа асуудал. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, цалин тэтгэвэр нь хаанаа ч хүрэхээ байсан тухай хэлсээр байгаа юм.
-Иргэд УИХ, Засгийн газарт ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна вэ?
-Ний нуугүй хэлэхэд хангалтгүй ажиллаж байна гэдгийг удаа дараа хэлж байна. Ялангуяа уул уурхай, тэр дундаа стратегийн ач холбогдолтой гэгдэж буй Тавантолгойн асуудлыг шийдэхгүй сунжрааж ард түмнийг хохироож байгааг байж болшгүй асуудал гэдгийг хэлэхийн сацуу МАХН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө энэ тухай ямар байр суурь баримталж ажиллахаар тусгасан билээ гэдгийг бидэнд сануулж байсан. Тодруулбал, МАХН-ын мөрийн хөтөлбөр, намын дарга Н.Энхбаярын баримталж байгаа байр суурийг хэрэгжүүлж чадахгүй байгааг сануулж, энэ нь өөрөө МАХН-ын эгэл жирийн мянга мянган гишүүд дэмжигчдийн байр суурь гэдгийг хэлж бухимдаж байна. Ер нь бидний байр суурь тодорхой шүү дээ. Тавантолгойг ашиглахгүй, үйл ажиллагааг нь явуулахгүй гэсэн зүйл огт байхгүй. Энэ ордын үйл ажиллагааг явуулая, явуулахдаа ард түмэндээ ашигтай байхаар хийх ёстой гэж үзэж байгаа. Хувьцаа ногдол ашигаа иргэд хүртээд явах ёстой.
Олон нийтийн дунд МАХН Тавантолгойн төслийг явуулахгүй байна, гацааж байна гэсэн хардлагууд явж байна лээ. Харин бидний зүгээс тийм зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе. Бид энэ ордыг явуулах ёстой, явуулахдаа хамгийн гол нь ард түмэндээ л ашигтай хувилбарыг сонгох ёстой гэдгийг дахин хэлье.
-МАХН-ын дарга Н.Энхбаярын төрсөн өдөр зургадугаар сарын 1-нд болдог. Н.Энхбаяр дарга төрсөн өдрөөрөө эх орондоо ирэх үү?
-Намын даргын ирэх, ирэхгүйг би тодорхой хэлж мэдэхгүй байна. Ер нь МАХН-ын зүгээс Олон улсын хүүхдийн баярын өдөр, намын даргын төрсөн өдрийг тохиолдуулаад өргөн хэмжээний арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Гэхдээ энэ арга хэмжээг монголдоо хийх үү, эсвэл Солонгост хийх үү гэдгээ эцэслэж тогтоогүй байна.