logo
Бариу жинс

Бариу жинс "балагтай" юу?

2014/03/28
Руссел Бренд, Жүүд Лоу, Жой Эссекс зэрэг алдартнуудын гангараа болсон зүйлсийн нэг нь бариу жинс. Гэхдээ мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар өнөө үед төмсөгний үрэвсэлтэй эрчүүдийн тоо нэмэгдэж буй нь тэд бариу загварын жинсээр гангарах болсонтой нэг талаар холбоотой юм байна.

Доктор Хилари Жонс болон бусад судлаачдын тогтоосноор нарийн жинс хуухнагийг үрж гэмтээхийн зэрэгцээ давсаг суларч, шээсний сүвээр халдвар авахад ч нөлөөлж болдог аж.  Бэлгийн эс цөөрөх, мөөгөнцрийн халдвар зэрэг нь мөн л биеийг тань барьдаг загвартай жинсний буруу гэнэ.

Доктор Жонс зөвлөхдөө "Маш нарийн загвартай жинс өмссөнөөсөө болж төмсгөө гэмтээсэн хэд хэдэн эрчүүдийг үзсэн, салтаа хавьдаа хангалттай зай үлдээ, өөрөөр хэлбэл биедээ эвтэйхэн чөлөөтэй өмд өмс, зөвхөн бариу өмд гэлтгүй бариу дотоож өмсөх нь эрүүл мэндэд халтай, эрүүл мэндээ стиль имижийн өмнө тавь" гэжээ.

Хэрэв эрчүүд биеэ сайн анзаарсан бол таны хуухнаг үргэлж хөдөлгөөнд байдаг бөгөөд төмсөгний хэсгийн температур биеийн бусад хэсгээс хоёр градусаар бага байдаг. Та бариу жинсээр өдөр бүр гангараад байвал энэ нь хуухнагийн хөдөлгөөнд саад болж, төмсөгний цусны эргэлтийг  сааруулж, улмаар төмсгөө мэдрэхгүй болох ч аюултай. Мөн салтаа хэсгээр бариу жинс нь давсганд учруулах даралтыг нэмэгдүүлдэг байна. Энэ нь нь нян үржиж, шээсний сүвээр халдвар дамжихад нөлөөлж болдог ажээ.

Доктор Хиларигийн эрдэмтдийн баг Английн 2000 орчим эрчүүдийн дунд судалгаа явуулсан байна. Судалгааны явцад тэдний 30% нь нарийн жинс өмссөнөөсөө болж таагүй нөлөө мэдэрсэн гэдгээ хэлжээ. Мөн судалгаанд оролцогчдын 40 орчим хувь нь сайхан харагдахын тулд заримдаа эрүүл мэндээ золионд гаргадгаа хүлээн зөвшөөрчээ.  Дашрамд дурдахад Англи эрчүүдийн долооны нэг нь байнга нарийхан жинсээр гангардаг бөгөөд тэдний ердөө 7 хувь нь л жинсийг сонгохдоо биед эвтэйхэн байдлыг нь чухалд үздэг байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Сэтгэгдэлүүд

Дээш