logo
Засгийн газар утааны асуудлаар долоо хоногт хоёр удаа хуралддаг

Засгийн газар утааны асуудлаар долоо хоногт хоёр удаа хуралддаг

2014/03/28
Уламжлал болсон Ерөнхий сайдын 30 минут уулзалт боллоо. Энэ удаад Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт бүтээсэн ажил, ирэх сард хийх ажлын төлөвлөгөөний талаар танилцуулсан.

Юуны өмнө өнгөрсөн өдрүүдэд Төрийн ордонд Монголын эдийн засгийн тав дахь удаагийн чуулга уулзалтын талаар дурдлаа.

“Өнгөрсөн оны эдийн засгийн чуулганаас гарсан санал дүгнэлтийг авч хэлэлцээд энэ онд бид ихийг бүтээсэн. Эдийн засагчдаас  үйлдвэрлэлийг хөгжүүлэх, экспортыг дэмжих, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих санал гаргасан. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Чингис бондын мөнгөөр дамжаад ноос ноолуур, оёдол хөнгөн үйлдвэрлэлийг багагүй дэмжлээ. Хөтөлийн цементийн үйлдвэр 300 мянган тонн цемент үйлдвэрлэдэг байсан бол одоо хүчин чадлаа өргөтгөж, сарын дараачаас нэг сая тонн цемент үйлдвэрлэнэ. Дорноговь аймагт цементийн гурван үйлдвэр байгуулахаар ярьж байна. Энэ мэтчилэн бид ирэх онд цементийнхээ хэрэглээг дотоодоосоо хангах  бүрэн боломжтой болж байна” гэлээ.

Өнгөрөгч хоёр, гуравдугаар сард экспортыг дэмжих, импортыг орлох төслүүд дээр долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт ажилласан.

Ирэх долоо хоногоос эдгээр төслүүдтэй салбар салбараар нь тусгайлан танилцана.

888 төслөө арилжааны банкуудад санал болгосон, төслөө өгсөн аж ахуйн нэгж компаниуд харилцдаг банкууддаа хандаарай.

Арилжааны банк зөвшөөрвөл Хөгжлийн банкинд хандаж хөрөнгө гаргана гэж Ерөнхий сайд хэллээ.

Үндэсний мэргэжилтэй ажилчин бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд дөрөвдүгээр сард олон ажил зохион байгуулна.

Утааны асуудлаар хурал манай өрөөнд долоо хоногт хоёр удаа болж байгаа. Урин дулааны цаг ирж буй ч шийдэл хайж, туршилт хийж байгаа гэлээ.

Баянхонгор аймгийн хоёр жишиг сумыг энэ амралтын өдрүүдэд хүлээж авна. Засгийн газрын хоёр сайд оролцоно. Энэ бол Шинэчлэлийн Засгийн газрын хөдөө орон нутаг руу чиглэсэн хөрөнгө оруулалт юм.

Ерөнхий сайдын 2013 оны төсвийн багцын 50 тэрбум төгрөгийн 25 тэрбум нь 11 аймагт оношилгооны төв байгуулахад зарцуулагдсан. Ирэх даваа гаригт оношилгооны төвүүдээ нээж, ашиглалтад оруулна. Энэ нь Улаанбаатар руу ирэх иргэдийн урсгалыг багасгана.

Өнгөрсөн жил дөрвөн аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбоход Чингис бондоос санхүүжүүлсэн. Энэ жил 6 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбох бөгөөд Чингис бондоос хөрөнгө гаргана.

“Буянт-Ухаа” хорооллыг барихад Чингис бондоос зарцуулсан, аймгийн төвүүдэд барих 1000 айлын орон сууцанд тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулна гэлээ.

Сэтгэгдэлүүд

Дээш