logo
 Нэр дэвшигчдийн зардлыг улсаас даана

Нэр дэвшигчдийн зардлыг улсаас даана

2013/11/30
УИХ-ын даргын захирамжаар Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн гээд сонгуулийн хуулиудыг нэгтэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Ажлын хэсгийнхэн дээрх хуулиудыг нэгтгэж, нэгдсэн нэг Сонгуулийн хуулийн төсөл боловсруулах юм.

Ингэхдээ Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг ирэх оны нэгдүгээр сард багтаан УИХ-д өргөн барьж, баталснаар 2016 оноос хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөжээ. Үүний дотор нэр дэвшигчийн сонгуулийн зардлын асуудал багтжээ.

Сонгуулийн зардал болон нэр дэвшигч намаас гарах зардал өндөр байдаг учраас энэ удаад зардлыг танах бодлого баримтлах гэнэ. Улстөрийн намууд санхүүжилтгүйгээс болж хандивлагч нараас хандив авч, эргээд авлига, улс орны аюулгүй байдалд харш үйлдэл гаргаж байгаа учраас Сонгуулийн нэгдсэн хуульд сонгуулийн санхүүжилтэд онцгой анхаарчээ. Сонгуулийн зардлыг багасгахын тулд нэр дэвшигчдээс гарах зардал буюу тараах материал танилцуулгуудыг нэгтгэн нэгдсэн эмхэтгэлийг улсын төсөвөөс хэвлэж, хэсгийн хороодод тараах юм байна. Нэр дэвшигчдийн энэ зардлыг төрөөс гаргаснаар иргэдийн нэр дэвшигчдийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх зорилготой аж. Мөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарах зардал дээр МҮОНРТ-ээр дамжуулан улстөрийн намуудад сурталчилгаа хийх цаг гаргах, сонгуулийн сурталчилгааг гэрлийн шонгуудад үнэгүй байрлуулах, хуулийн этгээд буюу компани, аж ахуй нэгжээс санхүүжилт авахыг зогсоох юм байна. Хуулийн этгээдээс санхүүжилт авснаар хараат байдал үүсэх учраас иргэдээс тодорхой хэмжээтэйгээр хандив авахаар хуульд тусгаж.

Сонгуулийн дараа намуудад нэг санал 1000 төгрөг, нэг суудал 10 сая төгрөгөөр тооцож санхүүжилт олгодог. Энэ мөнгийг ямар нэг зориулалтгүйгээр улстөрийн намуудад өгдөг байсныг өөрчилж, энэ мөнгийг сонгогчдын улстөрийн боловсрол, нэр дэвшигчдийн улстөрийн боловсролд бэлтгэдэг сургалтад зориулах зэргийг нь бодлогоор зохицуулалт хийхээр тусгасан байна. Хэрэв намууд санхүүжилтийн асуудал дээр хууль зөрчвөл хариуцлагыг нэмэгдүүлдэг байхаар болжээ. Тодруулбал,  авсан санал, суудлын санхүүжилтийг зогсоох, торгууль ногдуулах, тодорхой хугацаагаар сонгуульд оруулахыг хориглох, тухайн намын сонгуульд орохыг нь хуулиар хориглох зэрэг хариуцлага тооцохоор Сонгуулийн нэгдсэн хуульд тусгажээ.

Сэтгэгдэлүүд

Дээш