logo
2030 он хүртэл хэрэгжүүлэх ногоон хөгжлийн бодлого, зорилтыг тодорхойллоо

2030 он хүртэл хэрэгжүүлэх ногоон хөгжлийн бодлого, зорилтыг тодорхойллоо

2013/06/24

Засгийн газрын 5 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу БОНХЯ, ЭЗХЯ хамтран "Ногоон соёл иргэншил" хөгжлийн стратегийн төслийг Ногоон хөгжлийн үзэл баримтлал, Ногоон хөгжлийн дунд хугацааны хөтөлбөр болгон өөрчлөн боловсруулжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эдгээр бодлогын бичиг баримтыг хөгжлийн бодлого, төсөл төлөвлөлттэй уялдсан байна гэж үзээд, УИХ-д өргөн барихаар санал нэгдлээ.

Дээрх бодлогын баримт бичгүүдийн төсөлд Монгол Улсын баримтлах ногоон хөгжлийн үзэл баримтлал, зорилтыг 2030 он хүртэлх хугацаанд тодорхойлж, 2020 он хүртэл авч хэрэгжүүлэх эдийн засгийн арга хэрэгслийг тусгасан юм. Ингэхдээ богино хугацаанд үр дүн авчрах, ажлын байр нэмэх, ашиглалтын зардал хэмнэх зэргийг тэргүүлэх чиглэл болгожээ.

Ногоон хөгжлийн бодлогыг улс орны хөгжлийн урт хугацааны бодлого, төлөвлөлтөд тусган хэрэгжүүлснээр байгалийн нөөц баялгаа зохистой удирдах механизм бий болно. Ийм ч учраас "Ногоон хөгжил"-ийн зам сонгохыг дэлхий нийтээрээ уриалж, "Бидний хүсч буй ирээдүй" гэх баримт бичиг хүртэл гаргаж, 2015 оноос Тогтвортой хөгжлийн зорилтуудыг шинэчлэн тодорхойлохоор зорьж байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэлүүд

Дээш