logo
Улаан өндөгний баяраар Ватиканы тэргүүн дэлхий нийтэд хандан энх тайван байдлыг уриаллаа

Улаан өндөгний баяраар Ватиканы тэргүүн дэлхий нийтэд хандан энх тайван байдлыг уриаллаа

2013/04/02
Улаан өндөгний баяраар шинээр сонгогдсон Католик шашны тэргүүн пап Франсис дэлхий нийтэд хандан энх тайван, амар амгалан байхыг уриаллаа. Есүс Христийн дахин амилсны баярыг тэмдэглэхээр Ариун Петерийн талбайд 250 мянга гаруй сүсэгтэн олон цуглажээ.  Пап Франсис олон түмэнд хандан Улаан өндөгний баярын мэнд хүргэж Христ хүмүүсийн зүрх сэтгэлийг хайраар дүүргэж, өш хонзон муу муухай бүхнийг мартуулж, дайн дажингүй амар амгалан, энх тайван байхад нь туслах болтугай хэмээн залбирлаа. Мөн тэрээр Израйль Палестиныг энхийн хэлэлцээр хийж, он удаан жил үргэлжилж байгаа зөрчил мөргөлдөөнийг эцэс төгсгөл болгохыг хүслээ. Хоёр жил үргэлжлээд байгаа Сирийн хямралын талаар пап “Хичнээн хүн зовж шаналаж байж улс төрийн шийдэлд хүрэх ёстой юм бэ?”хэмээн асууж байсан юм. Өнгөрсөн бямба гаригт Хойд Солонгос дайны байдалд шилжиж Өмнөд Солонгост дайн зарласнаа мэдэгдсэн. Энэ явдлыг пап мөн буруушааж байгаагаа нуусангүй. Улаан өндөгний баярын мэндчилгээг Ватикан 65 хэл дээр бэлдэж хэвлэсэн боловчпап Франсис үүнийг уншаагүй юм. Тэрээр сүсэгтэн олонд хандан Италиар үг хэлж байлаа.
Дээр дурьдсанчлан Улаан өндөгний баяр нь Есүс Христийн дахин амилсны баяр юм. Тэрээр загалмайд цовлогдсоноос хойш гурав дахь өдрөө амилсан гэдэгт Христийн шашинтнууд итгэдэг. Тиймээс баасан гаригаас ням гариг хүртэл энэхүү баярыг тэмдэглэдэг байна. Бурханы хүү хүмүүсийн зовлон зүдгүүрийг өөр дээрээ авч, тарчилж үхчихээд дахин амилсан гэж үздэг болохоор энэ баяр Христэд итгэгчдийн хувьд маш чухал баяр. Баярын өдрүүдээр өглөөний цайнд чанасан өндөг иддэг бөгөөд тэдгээр өндгүүдийг янз бүрийн өнгөөр будаж бэлтгэсэн байдаг байна.

Д.Амар

Сэтгэгдэлүүд

Дээш