logo
Бүх юм үнэгүй өдөр !!!

Бүх юм үнэгүй өдөр !!!

2013/02/15
Өглөө сэртэл цаг найм өнгөрч байгаа харагдав. Ажлаас хоцорсоноо мэдмэгц өглөө бүр хацар алгадаж сэрээдэг эхнэр рүүгээ харвал тэр маань жишим ч үгүй гэрийнхээ шаахайтайгаа буйдан дээрээ муураа тэврэн гунигт автан суух ажээ. Эхнэртээ би өглөө намайг сэрээхийн тулд дуртай бүх аргаа хэрэглэхийг зөвшөөрсөн билээ. Хацар алгадах, дух руу няслах, чихнээс угзрах, хамраас чимхэх, бүр сэрэхгүй тохиолдолд хүйтэн ус нүүр рүү цацах гээд олон аргыг зөвшөөрсөн юм.

Харин эхнэр маань дээрхи олон аргыг хэрэглээд намайг сэрээж чадахгүй бол өөр бусад аргыг хэрэглэх "эрх"-тэй байлаа. Зүүгээр гарын эрээн булчин руу хатгах, дэрээр толгой дундуур татаад авах, хамрын нүх рүү оо шахах, хөлийн хурууны завсар цаас хавчуулаад шатаах зэрэг цэргийн дэг журмыг ч хэрэглэхийг олон удаа ажлаасаа хоцорч, даргаасаа сануулга аваад дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буй би өөрөө зааж өгсөнийг яана.

Гэтэл өнөө өглөө намайг тийн сэрээсэнгүй. Худалдааны төв рүү явж лангуугаа ч ажиллуулсангүй. Сэгсгэр үстэй эрх муураа тэврэн нулимс дуслуулан суух нь тэр. Намайг босож ирмэгц, эхэр татан уйлж, "Миний хөгшин босчихов уу? Тэртэй тэргүй маргааш дэлхий сөнөхөөс хойш гээд чамайг сэрээсэнгүй. Ганц өдөр ажилд явсан ч яалаа үгүй байсан ч яалаа.... Хөргөгчинд байгаа бүх махаараа хоёулаа өнөөдөр хорхог хийж идье. Зах орж улаан ногоон чинжүү авчирч шанцайтай идвэл амттай даа... Хүү маань ирж яваа гэнэ. Сая утсаар ярилаа. Сургууль дээр нь нэг ч хүүхэд ирээгүй юм байх. Автобусанд мөнгө хураагч нар харагдахгүй байна гэнэ. Таксины нэг жолооч үхэхийнхээ өмнө буян хийнэ гээд үнэгүй авчирч өгч яваа гэнэ" гэж дуржигнуулав.

"Жаахан тайван яриач" гэвэл "Маргааш байхгүй болно гэж бодохоос бүх л амьдрал минь нүдний өмнө жирэлзээд... хурдан ярихгүй бол маргааш болох гэж байгаа юм шиг сэтгэл яараад байх юм" гэж нулимсаа унагав. Жирийн үед бол тэр минь жигтэйхэн удаан үгээ бохь шиг тасалж сунгаж ярьдаг хүн сэн. Тэгтэл өнөөдөр баадуугий нь чангалсан цаг шиг чаг чаг.

Маргааш нээрээ дэлхий сөнөнө гэж хэдэн жил шуугиад байсаныг гэнэт би саналаа. Өнөөдөр арван хоёрдугаар сарын хорин... Үнэхээр маргааш дэлхий сөнөвөл яах вэ? Эцсийн мөчид би хаана байх ёстой вэ? Аавынд очиж, ах дүү нартайгаа хамт байж байгаад “өнгөрсөн” нь дээр үү, эсвэл ажлын газрынхантайгаа амралтанд зугаа цэнгэл эргүүлж байгаад дуусах уу?...

Өчигдөр дарга нэг юм хэлээд байсан даа, сануулга, шийтгэлтэй бүх хүнийг өршөөлөө. Нийтээрээ салхинд гаръя гээд эг маг хийгээд л... Өнөөдөр цалингаа урьдчилж өгнө гэсэн. Хүн бүрийн амралтын мөнгийг нэмж олгоно гэсэн шүү дээ. Цалингаа очиж аваад гэр бүлтэйгээ Тэрэлж явах уу? Бодоод байсан чинь, эхнэр хүүхэддээ Хөвсгөл явж амарна гэж жил болгон худлаа хэлсэнээ саналаа... Банкин дээр очиж дансаа шавхаад Хар далай ч явах уу, нэгэнт үхэхээс хойш хаана ч байсан адилхан. Сэтгэл өвдөөд нэг л хачин...

Хань минь маргааш чи бид хоёр... Нэг мэдэхэд би эхнэрээ мөрөөр нь тэвэрч цээжиндээ наагаад " Ажлаас ядарч ирэхэд амраахгүй яншлаа гэж уурладаг байсаныг минь уучлаарай. Энэ амьдралдаа нэг л удаа чамайг... хуурсаныг минь өршөөгөөрэй " гэж хэллээ. Эхнэр нулимсаа арчсан ч үгүй миний нүүрэнд нулимстай хацраа наан " За одоо тэр яах вэ, хэдэн удаа хуурсан байсан ч би чамайг уучилна. Би чамайг харин хуурч амжаагүй шүү" гэж яс хавтайтал гүдэсхэн хариулав.

-Тэгээд чамд гомдолтой байна уу?
-Гомдлоо гээд яах вэ, маргааш бүх зүйл дуусах юм чинь...

Тиймээ үнэн үг. Маргааш бүх амьдрал эцсийн цэг тавихаас өмнө сэтгэлдээ байгаа муу муухай бүхнийг уудалж орхивол сэтгэл амар үхэх ч юм билүү... Миний амьдралдаа хийж дуусгаагүй олон "ноорог" бий. Тэр бүхнийг биелүүлнэ гэхэд дэндүү оройтжээ. Маргааш гэхэд хэдэн цаг үлдлээ. Цаг бага болохоор өөрийгөө биш эхнэр хүүхдээ баярлуулъя. Ажил уруугаа очиж цалингаа авах гэсэнээ цаг бага болохоор орхилоо. Юмыг яаж мэдэх вэ амьд үлдвэл дараа хэрэг болох ч юм бил үү?... Дансанд ингэхэд хэдэн юм байгаа бол?...

Хүүгээ дагуулаад эхнэр бид хоёр зах руу явлаа. Өнөөдөр бүх юм үнэгүй!!! Мөнгөний хэрэг дууссан.  Эхнэр хүүхдийнхээ дуртай идэж уух юмыг цуглуулаад дараа нь барааны хэсэг рүү нь орлоо. Халуун шарсан төмс аваарай гэдэг байсан бол халуун төмсөө идээрэй, үнэгүй шүү, халуун хуушуур идэцгээ, хамгийн сүүлчийн удаа үнэгүй гэж хашгиралдана. Гэнэт тархинд нэг бодол зурсхийв. Заавал захаас авч байхаар брендийн дэлгүүр оръё. Адилхан үнэгүй юм чинь... “Ажилладаггүй”-гээрээ алдартай усан толгой минь эцсийн мөчид “ажиллаж” гарав. Эхнэр маань өөрийн хүссэн бүх брендийг дааж ядан авлаа.

Үнэртэй усны дэлгүүрт шанелийг бүр сагсаар нь тарааж байв. "Жорлондоо цац. Ав. ав " гэж худалдагч нь найрсагаар өгүүлнэ. Хүү маань биеийн тамирын шаахай, хөл бөмбөгийн хувцас авсанаа " Аав, аа та биднийг машинаар зугаалуулахгүй юмуу?" гэж санал гаргалаа... Эр хүн. Санадаг санаа... Авто салон  дээр очлоо. Ауди, Бенц, Кадилак, Шевролет, Пагани гээд бүх төрлөөрөө... Залуучууд болохоор Ферари сонирхцгооно. Дарханы замд гарч уралдах юм байх. Осолд ороод амь үрэгдсэн ч ялгаагүй гэцгээнэ. Маргааш байгалийн гамшгаар үхэх, өнөөдөр онхолдож үхэх нь юуны ялгаа байна?...

Олон юм бодсонгүй би Опель Мокка авлаа. Жипнээс дутах юм алга. Үнэгүй юм чинь дуртайгаа авна биз дээ. Шатахуун түгээх газрууд үнэгүй бензин өгч байна... Хөвсгөл явбал мөддөө хүрэхгүй. Аягүй бол замдаа шад хийнэ. Тэгэхээр Тэрэлж нь дээр... Эхнэр хүүхдээ дагуулан Тэрэлжид ирлээ. Гурван хүний люкс өрөөнд орж, зах, дэлгүүрээс үнэгүй авсан идэх уух юмаа гэдсээ дүүртэл чихэж аваад, бие биенийхээ зургыг дарлаа.

Цахилгаан барааны дэлгүүрээс үнэгүй авсан сүүлийн үеийн Сони аппарат булга суусар болсон эхнэрийн минь, ам хамар нь нил шоколад болсон хүүгийн минь зургийг хэдэн зуун удаа авсан ч хүрэлцэхээр санамжтай ажээ. Хоолоо жаахан шингээхийн тулд гарч цанаар гулгав. Тэгэхгүй бол авчирсан хоол ундныхаа талыг ч цааш харуулж дөнгөхгүй байлаа. Эхнэр минь гэв гэнэт "Ээжтэйгээ уулзахгүйгээр орчлонгоос "явна"гэхэд нэг л санаанд буухгүй байна. Эргэж харьж, ээжтэйгээ уулзах минь" гэж зүтгэлээ. Хадмынд ирвэл эхнэрийн маань ах дүүс бүгд цугларчихсан, цагаан сарын шинийн нэгэн шиг "банкит" хийж байв. Идэж уух нь дэндсэн бололтой нойлийн өрөөндөө оочирлосон улс харагдана.

Зарим нь ямар хамаатай юм бэ, орцонд гараад бөөлж гэж нэгнийгээ хөөнө. Хадам ээжийн цагаан сараар хэрэглэх гэж байсан үхрийн махыг оруулж гэсгээгээд өдөржин чанаж, шарж, бууз жигнэж, хуушуур хайрч идэцгээсэн гэнэ. Би ч дээшээ суу хүргэн минь, мах ид, архи уу гэхэд нь нэрий нь сонсоод золтой л өдөр нь идсэн уусанаа амаараа гаргачихсангүй. Хадмууд намайг хамаг сайн үгээр л магтацгаана. " Бурхан хүргэн шүү. Дахиад ийм хүргэн олдохгүй" гэж шагшина. Магтсан магтаагүй маргааш болтол над шиг хүргэн яаж олдох билээ. Амжих ч үгүй.

Өнөөдөр хүн болгон бие биенийгээ магтана. Маргааш "талийгаач" болох хүмүүст оршуулгын үг уншиж байгаа мэт амаа олохгүй цаасан малгай өмсгөнө... Архи дарсанд хөлчүүрхсэн тэд ам уралдуулан бурцгаах нь түмний эх болсон хээр азаргаас дутах янзгүй. Бараг тоосгүй түрүүлж байгаа юм бишүү...
-Өндөрлөг газар байдаг болохоор Монголчууд бид үлдэх ч юм билүү... Хөөрхий тэр Япон, Солонгос хамгийн түрүүнд дуусана даа...

-Амьд үлдээдэхвэл дэлхийн бүх баялаг бидний өмч болох нь байна шүү дээ... 
-Түвдүүд чинь бүр өндөрт байдаг гээ биз дээ. Хятадууд сөнөхөөр тэд тусгаар тогтнох байх даа. Далай лам ерөнхийлөгч болж таарна даа

-Ээ, гончиг сүм минь, Сеүлд байгаа хүүхдүүд минь наашаа ирж амжсангүй. Онгоцны оочер гэж дийлдэхгүй байгаа сурагтай. Америкт сурдаг хүү маань долоон хоногийн өмнө ирсэн нь юутай аз вэ?
-Шведэд байдаг охин минь цагаан толгойтой өвгөн дагуулаад ирсэн. Цаадахь нь мөсөн даруулж үхэхээр Монголд очиж амь гарна гэж бодсон дог оо, зайлуул

-Үр хүүхдүүдтэйгээ хамт ингээд дуусахад гомдох юм алга.
-Манай энэ хүү овоо ноцолддог юм. Аймгийн арслан болж чадалгүй...

-Уйлаад яах вэ, муу ёр. Явах хүний замд саадтай. Сүнс нь хоргоддог юм.
-Таниас зээлсэн мөнгөө өгч амжсангүй... тэр жаахан муу юм боллоо доо

-Яахав яахав, буянаараа бол. Маргааш гэхэд чи ч байхгүй би ч байхгүй... Тэр мөнгөөр юугаа хийх вэ
-Энэ ерөнхийлөгч гуай ард түмнээ эцсийн замд нь үдэж зурагтаар үг хэлдэггүй юм байх даа. Амиа бодоод архидаад явж байж мэдэх нөхөр.

-Харин ээ... НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга ч чимээгүй.
-Дэлхий сөнөхөө больчихвол одоо яанаа. Би гурван давхар байшингаа өрнөөсөө салъя гэж бодоод шүүхэд сайн дураараа өгчихсөн.

-Авилга авсан дарга нар өчигдөр хэргээ хүлээсэн гэдэг шүү. Нэг цагаахан амьтад эрлэгийн эзнийд очих юм байх даа
-Нөгөө Дуламжавын мисс охин өнөөдөр хуримаа хийж байгаа гэнэ. Баячуудын банди нартай нэр холбогдоод байсан чинь байрныхаа нэг оюутан хүүтэй суусан гэнэ.

-Хүмүүс айхтар юм аа. Замаа засаад... Солонгосын виз гаргана өгнө гэж олон хүн залилсан ганц дүү минь нөгөө хар савнаасаа нөгөө ертөнц рүү очих нь харамсалтай байна. Өршөөл мөршөөлийн хууль гаргачихдаг буян л болно шүү дээ, олон жилтэй хүмүүст...
-Хадгаламжийн хэдэн цаасаа бүгдийг нь аваад уржигдар би Ганданд ном уншуулсан. Үхэхдээ бас хонхны дуутай, арцны утаатай өнгөрье гэж бодлоо

-Энэ золиг чинь хэдэн сарын өмнөөс согтуу толгойлж яваа юм. Нэгэнт үхэх юм чинь ууж яваад үхье гээд компаниа зараад өдөр шөнөгүй архидаж яваа гэнэ дээ.
-Зарим албан байгууллагууд арван нэгэн сард шинэ жилээ тэмдэглэж, оны аварга, шилдэг ажилтнаа тодруулсан байна. Нөгөө Нямаа оны аварга болж, гурван өрөө байраар шагнуулсан гэнэ.

-Одоо ч байр саваар яах вэ. Галт уул дэлбэрч, далайн ус галав юүлж, газар гаваараа цуурч, хамаг дэлхий сөнөх болохоор алтан өргөө байсан ч хог дээр хаясантай адил.

... Хадам ээжид зориулан эхийн тухай дуу хэн нэг нь дуулав. Дууны дугараа ар араасаа хөвөрнө. Мартын наймныг тэмдэглэлээ. Цэргийн баяр, эх үрсийн баяр... Ууж идэхээрээ ухаан ордог байх нь. Урьдчилаад хэн нэгний төрсөн өдөр, ирэх наадмын баяраа давхар тэмдэглэнэ...

Хүмүүсийн зай завсар дундуур даац нь “ихэдсэн” ходоодоо номхруулахаар би жорлон руу явахдаа хонгилын хананд хадсан хуанлийн хуудсыг олж харсанаа гэнэт ухасхийгээд өнөөдрийн хуудсыг нь тасдан урав. Ард нь “арванхоёрдугаар сарын хорин нэгэн” гэсэн тоо томоос том зурайн харагдах нь тэр.

Салхинд үлээгдсэн зулын дөл шиг сүүмгэр бодол тархинд харван орж ирлээ. Маргааш би дахиад энэ хуудсыг тасдах гээд зогсож байх юм биш биз. Тэгэхээр алсаа бодоод дарга руугаа утастдаад сайхан амрахыг ерөөвөл яадаг бол. Өнөөдөр би ажлаа “пялчихсан”  шүү дээ... Хүүдээ фталозол, авгайдаа аспирин бэлтгэж байхгүй бол маргааш амьд “үлдэгсэд”-эд аптекийн “тусламж” нэн шаардлагатай болно шүү...

Даваажавын Эрдэнэмөнх

Сэтгэгдэлүүд

Дээш