logo
С.Батцэцэг хийгээд бүсгүйчүүдээ хамгаалах хууль гаргая

С.Батцэцэг хийгээд бүсгүйчүүдээ хамгаалах хууль гаргая

2012/12/08
Монголын бахархал бол­сон эмэгтэй тамирчин С.Бат­цэцэгийг Төмөр за­мын тэнд нэгэн эр хэл амаар дором­жилсон юм байна. “Хажуу­гаар чинь зөрье, та ма­шинаа жаа­хан ухраачихгүй юу” гээд гавьяат тамирчин бүсгүй хэ­лээт­хэж. Тэгсэн өнөө эр үсэрч гарч ирээд “Хөдөө царайлсан я… ма” гэж хараагаад… бас болоо­гүй С.Бат­цэцэгийг өшиг­лөсөн байна. Авгай­гаа зоддог шигээ ахих шинж­тэй болохоор нь мань бүсгүй хавсар­чихаж. Тэ­рий хадан алдсан өнөө эр буцаад дайр­чээ… тэгэ­хээр нь гавьяат бүсгүй хоёр хөлийг нь зө­рүүлж хамаад, төө дээр гар­гаж ирээд буцаагаад зөөлөн тавьчи­хаж. Бүсгүйн тол­гой дээр сарвалз­сан өнөөх эр чинь орилж чар­лаж “Энэ аймаар эмэгтэй намайг алах нь цагдаа дуудаарай” бол­жээ.

Арай ч ингээгүй байх гэсэн чинь яг л тийм юм бол­сон гэж Баянгол дүүргийн цагдаад мэдүүлэг өгсөн гэр­чүүд ярь­сан байх юм. С.Бат­цэцэгт хамуулсан эрийн байр байд­лыг харахад балмад, гудамж­ны эр гэж бодлоо. Тэг­сэн тэгж арчаагаа алдсан эрийг их эмч гэж сонсоод бүр гутрав.

Эндээс нэг л зүйл ойлгог­дож байна. Монголын эмэг­тэй­чүүдийг хайрлах цаг бол­жээ. Хамгаалах цаг ирсэн байна. Бүр хуульчилж бай­гаад монгол бүсгүйчүүдээ хамгаа­лалтдаа авахгүй бол газар авах нь. Өнгөрсөн зун Урт цагааны тэнд нэгэн эмэг­тэйн банзлыг хоёр согтуу нө­хөр сөхөж тохуурхаад хич­нээн уур хүргэв. Бас гудам­жинд зүгээр алхаж явсан эмэг­тэй рүү нэг нөхөр гэнэт усан буугаар буудаад аймаар цо­чоосон явдал санаанд байна. Үнхэлцэг нь хагарах шахаж байгаа харагдсан. Бүсгүй хүн гэдэг бол эвгүй ч хөдөлж бол­доггүй нандин амьтад шүү дээ. Өөрийн биедээ бүхэл бүтэн хүн тээж яваа бүсгүй байвал яах юм бэ. Сав сааль нь цочсоноос болж хөдөлбөл яана. Ийм эмзэг, хэврэг амь­тад гэдгийг энэ муусайн эргүү эрчүүдийн дийлэнх нь ойлго­дог ч үгүй юм шиг байна.

Монгол эрчүүдийн эмэг­тэй хүнд эрэлхүүг яанаа. Өөрсдөө юу ч чадахгүй. Сая хамуулж шившгээ хутгасан эмч эрийн дэргэд С.Бат­цэцэг гэдэг чинь аймаар амьтан байхгүй юу. Дэлхийд гялтайж бай­гаа монгол бүсгүй. Тийм­дээ тэсч гарсан байх. Тэрнээс өөр эмэгтэй байсан бол тэр муу эр, хөөрхий эмэгтэйн гэдэс рүү өшиглөсөн л дөө. Би ч эр хүн л дээ. Гэхдээ л түүнийг тэгж хамж унагасныг хувьдаа “Больж муу хогийг. Дээрээс нь нэг сайн дэвс­чихгүй” гэж бодож байгаа. Би лав тэгж унасан бол эгцэлж харахгүй зугтаана. Тэгсэн яаж байна гэнэ ээ, цагдаа дуудаа­рай, амь авраарай гэж орил­сон байгаа юм даа. Монгол эр хүний мөн чанарыг гутаасан байна. Ууч­лаарай гэж хэлж яагаад болдоггүй юм. Дэл­хийд, олимпод Монголын нэрийг дуурсгаж яваа Ар­хангайн Хашаатын энэ муу годгор охиныг Монгол даяа­раа хүндэлж байхад.

Ам нээсэн дээрээ уушги нээ гэдэг. Япон улс хэзээнээ­сээ эмэг­тэй­чүүдийг дорд үздэгээрээ алдар­тай байлаа. Түрүү үеийн кинон дээрээс нь харагддаг. Үүнд яаж цэг тавив гэхээр эмэгтэйчүүдээ хам­гаалсан хууль гаргасан бай­гаа юм. Тэр хууль их нарийн. Гудамж тал­бай, олон нийтийн газар эмэгтэй хүний биед хүрэх, удаан харахыг хүртэл хориглосон заалттай. Жи­шээ нь манай Цогоо, Тулгаа нар шиг нүд ам нь солонгороод явдаг нөхдүүд тэр улсад очоод автобусны буудал дээр нь аятайхан бүсгүй зогсохыг арваад минут цоо ширтвэл тэгээд л шоронд явах нь бай­­на шүү дээ. Тэвчихгүй хөхөнд нь хүрэхийн бол бүр дуусаа. Хэл амаар доромж­лохын бол цаазлуулах шахуу юм болно. Ийм хатуу чанд хуулийг гар­гаж байж бүсгүйчүүдийнхээ нийгмийн байр суурийг тэн­гэрт гаргаж, амар амгалан­гийн орныг бий болгожээ, япончууд. Америк тив байна. “Америкт ардчиллыг коольт бий болгосон” гэдэг хэлц үг бий. Энэ бол гар буу л даа. Америкт эмэгтэй хүний хор­мойг сөхсөн бол тэр эмэгтэй зөрүүлээд нам буудна. Дараа нь яах ч үгүй. Яагаад гэвэл зөвхөн эмэгтэй хүн буу эзэм­ших эрхтэй. Манай Цогоо, Тулгаа эд нар тэр улсад нэг их явахыг дурлах хэрэггүй. Биед нь эр хүн халдвал шууд буудах эрхийг нь хуулиар олгочихсон. Ийм болохоор эмэгтэй хүн шиг дархан эрх­тэй хүмүүс эдгээр улс оронд байхгүй. Эрчүүдийн гүн хүнд­лэл дунд эмэг­тэйчүүд нь ажил­лаж амьдардаг боло­хоор эдгээр улсад хүн хам­гийн сайхан таатай амьдарч байгаа юм.

Ингэхээр Монгол Улс иргэ­дийг иргэдээс нь хамгаалсан, эрчүүдээр эмэгтэйчүүдийг хүндлүүлсэн их хуулийг баталж, даруй даган мөр­дье. Ингэхгүй бол энэ муусайн эрчүүд дээрэлхээд дуусах нь. Миний эхнэр шиг, миний охин шиг, мөн таны эхнэр шиг, таны охин шиг турь муутай юм­нуудын хормой хотыг сөхөж, айлгаж ичээж, ам хэлээр до­ромжлохыг би лав тэв­чихгүй. Та ч бас тэвчихгүй байх. Эмэгтэйчүүдийг дорд үзсэн энэ байдлыг дарж авахгүй бол эрчүү­дийн давралт, ямаан омогт эцэс төгсгөл байдаггүй, та ч мэднэ, би ч мэднэ, олон даяараа мэднэ. Дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэгийн хамалт эхнийх нь байж мэднэ шүү. Эр хүн байтлаа эмэгтэй хүний гарын үзүүрт сарвал­заад “Амь авраарай” гэж орилохыг олон сонсмооргүй байна ш дээ.

П.ХАШЧУЛУУ

Сэтгэгдэлүүд

Дээш