logo
 Нинжа нар нэг сумын орлогын эх үүсвэрийг юу ч үгүй сүйтгэжээ

Нинжа нар нэг сумын орлогын эх үүсвэрийг юу ч үгүй сүйтгэжээ

2012/11/15

Алтан шаргал элсээр хучигдсан Ургамал сумын энэ нутаг цагтаа, тал нутгийн үзэсгэлэн гоод хоргодож ядан жаргах улбар шар нарны туяанд ширмэл ширдэг шиг алтран харагддаг байж. Зэлүүд говийн үзэсгэлэнгийн нэг хэсэг болох тэмээн сүргийнхээ араас ирсэн тэмээчнээс өөр хүн энд үзэгдэх нь тун ховор байсан гэх. Харамсалтай нь ганцхан жилийн өмнөх энэ дүр зураг өнөөдөр нинжа гэх зэрлэгшсэн хүмүүсийн хүрз, жоотууны ирэнд сараачуулж, хэвлийгээ сийчүүлэн гиншиж хэвтээ эх хүн шиг мэлмэрэн шаналж байна. Дэндүү харамсмаар...

мдын зааг болох Бөр­чигтий, Улаантолгой хэ­мээх газарт үе дамжин нутаглаж ирсэн малчид хэдийнэ дайжжээ. Тэгэхээс ч өөр аргагүй. Юу ч хийхээс буцахгүй нинжа нарын халдлагад хэзээ өртөх бол хэмээн өдөр, шөнөгүй айж эмээсээр залхаа биз. Тиймээс арзайж сэмрэн, хогондоо бариулсан энэ зэлүүд тал нутагт харуулын цагдаагаас өөр бөртийх амьтан бараг харагдахаа больжээ. Говь нутаг юм болохоор алсад мяралзах зэрэглээн дунд хааяадаа адуу, тэмээ зурс­хийн үзэгдэнэ. Үүнээс өөр амьд биетийн хөдөлгөөн үл харагдах юм билээ.  

ЦЕГ-ын даргын ту­шаа­лаар байгуулагдсан цаг­даагийн түр хүрээнд саат­сан манай сурвалжлах хэ­сэг Ургамал сумын нут­гийг орхиж, Дөрвөлжин сумын нутагтай залгалаа. Дөрвөлжин, Ургамал сум­дын хувьд Их нууруудын хотгорын бүсэд байрладаг учраас урагшлах тусам нам дор газар болж, бүх зүйл алган дээр тавьсан юм шиг ил байлаа.  Бөрчигтий уулын урд хормойг ороож нэлээд давхисны эцэст Ховд аймгаас Завхан аймгийн төвийг чиглэн хөврөх төв замын бараа харагдав. Шороон замаар цагаан тоос татуулан явсаар Ховдын гэх төв замтай нийлэх үед нар доошилж, говь нутгийн үзэсгэлэнд улам л сүр нэмнэ. Завхан, Ховдыг дамжин үргэлжлэх сүрлэг уулс тэртээ алсад будантаж, тэнгэрийн хаяаг тулах мэт нүүгэлтсэн хөх хана босгон дүнхийх аж.  

Уулсын хөх ханыг даган элсэн манхан шаргалтан хөврөх зуур, нарны гэрэлд мөнгөн саа шиг гялтганах Завхан гол хээ угалз та­туулсаар уулсын хормойг эм­жин мурилзсаар алга болов. Уран хатгамалчийн урлал шиг нүд алдуулам энэ­хүү гайхамшиг зөвхөн говь нутагт байдаг юм шиг тэрхэн агшинд санагдсан.  Ховд, Завханыг холбосон зам бас л шороо. Гэхдээ за­мын дэржигнүүр нь арай хэтэрхий  болжээ.  Ийм за­­маар бүтэн өдөржин зог­солтгүй явбал салганадаг өвчтэй хүн шиг болчихоод бууж ирэх юм шиг санагдав. Азаар бид Ховдын замаар хэсэг  давхиад Дөрвөлжин сум руу салах ёстой бай­лаа. Зам салахын наахна Дөрвөлжин сумын Таван­толгой багийн малчин Балганыд түр саатав.

Бөрчигтий уултай ойр­хон, аймаг дамнасан төв замын хажууд гэдэг ут­гаа­раа алтны эрэлчдийн хөлд бишгүй л өртөж байсан гэнэ. Сум орон нутгийнх нь нэлээд хэсэг нинжа нарын гарт сүйтгэгдсэн болохоор малчдын үгийг сонсохгүй өнгөрч болсонгүй. Энэ та­лаар гэргий Ж.Энхтуяа нь ярихдаа “Манай нутагт алт ухах гэж хөлтэй нь хөлхөж, хөлгүй мөлхөж ирдэг.  

Нэг хэсэг нь хөөж туугаад, нөгөө хэсэг нь хөөгдөж туугдаад л байх юм. Газар нутгийг маань сэндийчээд эхлэхээр маш их эмзэглэдэг. Эд хоо­рондоо хөөгдөж туугдаж байх зуур газар нутаг маань авах юумгүй боллоо. Нинжа нар нь ирээд ухаж байтал цагдаа нар ирээд хөөчихнө. Барьсан ч юм байхгүй. Тэгээд л малчин бид сэндийчиж, онгичсон хар нүхнүүд сахиад л үлдэж бай­на. Уг нь яаж ийгээд хуу­чин хэвэнд нь оруулмаар байгаа юм” хэмээв. Энэ зуур гэрийн эзэн Балган “Энд нэг том компани орж ирэх гээд байгаа сурагтай. Амьтан хүний ярьж байгаараар “Макс”-ын Д.Ганбаатар гэ­­дэг нөхөр л авчихсан юм уу даа” гэсээр ярианд оролц­лоо. Түүний хувьд ганц компанид ашиглуулж байхаар нутгийн иргэдэд алтны судалтай газрыг ху­ваагаад өгчихвөл яасан юм бэ гэсэн бодолтой байгаа юм билээ.  

“Алтаа ухсаных нь дараа эргүүлээд нөхөн сэргээлт хийлгэдэг, татвар авдаг байх ёстой. Ингэвэл иргэддээ ч хэрэгтэй. Нэг ком­панид өгчихвөл нутгийн иргэд хоосон л хоцорно” гэв. Энэ нь Ургамал сумын Засаг дарга Ш.Дамдинсүрэнгийн ярьж байсан нутгийн иргэд­дээ  нөхөрлөл байгуулж ашиг­­луулъя гэдэг санаатай адил.   Иймэрхүү байдалтай ойр зуурын юм ярьж хэсэг суусан бид зам заалгаж аваад хөдлөх болов. Биднийг Дөрвөлжин сумын төв орно гэдгийг сонссон гэрийн эзэгтэй Ж.Энхтуяа гуай сандран босч, “Сургуулийн хоёр хүүхдэдээ хэдэн боорцог өгч явуулах гэсэн юм” гээд л авдар саваа онгичиж гарав. “Сургууль удахгүй тарна гэж байснаа сонгууль, монгууль гээд хэд хоног хойшилчихлоо. 

Өнөө хоёр маань өлсөх байх” гэсээр хөрч амжаагүй халуун боорцгоо даавуун уутанд хийж эхлэв. Тэгснээ “Өвгөөн, цаанаасаа таван цаас /5000 төгрөг/ аваад өгөөч. Энэ гялгар ууттай ноосон оймс дотор нь хийгээд явуулчихъя. Хоёулаа хуваагаад авна биз” гэв. Балган гуай ч бидэнд ширээ засч өгсөн хар чемодан дээрх цай, идээ­гээ буулгаад чемоданаа уудалж гарлаа. “Яах вэ, хөгшөөн.  

Тав байдаггүй, бүхэл арав л байна” гэвэл “За за, тэгвэл наадхыгаа хий­чих. Тав, таваар нь ху­вааж авна биз” гээд нөгөө  ноосон оймс дотроо нямбай гэгч нь хийгээд уутны амыг боов. Балган гуай “Дээр нь хүүгийнхээ нэрийг би­чээд наачих юм уу” гэвэл гэргий нь толгой дохино. Хүүхдүүдийнхээ нэрийг цаа­­сан дээр биччихээд хар че­моданаасаа скочоо хайгаад олдоггүй ээ. Бүх юмаа гар­гаж тавиад ч олсонгүй. Хой­морын жаазныхаа араар үзлээ, нааран орныхоо доо­гуур шагайлаа, бас л ол­сон­гүй. Ингээд бид нэрийг нь наалгаж амжилгүй боор­цогтой нь бариад гарлаа.

Хамгийн гол нь бид эд­нийхээс гарч ирэхдээ эвд­­рээгүй, итгэмтгий жи­рийн монгол малчин гэж ямар сайхан юм бэ гэсэн бодол тээсээр машиндаа суусан юм. Тийм байгаа биз дээ. Говь нутгийн алс газар намаржиж байгаа энэ малчных бидний хэнийг нь ч танихгүй.  Тэг­сэн хэрнээ ямар ч элдэв хар саналгүй 10.000 төгрөгтэй боорцгийг сумын төвийн сургуульд сурч буй хоёр хүүдээ өгөөд явуулж байгаа юм. 

10.000 төгрөг гэдэг бол хөдөөд их мөнгө. Гэтэл тэд хэний ч танихгүй замын машинд дайчихсан. Тэр алс газарт ямар сайхан монгол зан, заншил, монгол уламжлал, монгол хүний уужуу итгэл хадгалагдаж байна вэ. Сайхан байгаа биз дээ. Дандаа л муу муухай бодол тээж, нинжа нарын тухай тэрүүхэндээ зэвүүцэж явсан бид малчин Балганыд орсны дараа сэтгэл уужраад их сайхан болж билээ.   

Их нууруудын хотгорын бүсэд орших Дөрвөлжин су­мыг зорьж байгаа болохоор хотгор газар руу уруудсаар л... Иймэрхүү байдалтай шөнөжин давхисны эцэст зорьсон газартаа  ирлээ. Тэнд гэхийн  тэмдэггүй говь нутагт салаа зам гарч ирэх бүрт л төөрөх янзтай. Дөрвөлжин сумын төв рүү дөхөх тусам салаа замын хэрчлээс нэмэгдэж байв. Учир нь  тус сумаас 20-иодхон км-ийн зайд “Баянхайрхан” гэдэг компани уул уурхайн олборлолт явуулахаар зэ­хэж байгаа юм билээ. Үүнд нутгийн иргэд их л бухимдалтай байсан. Гэхдээ энэ тухай бид удахгүй мэ­дээлэх болно.

Дөрвөлжин сумын төвд хоносон манай сурвалжлах хэсэг маргааш нь сумын Засаг дарга З.Бадмаатай тус сумын нутгийг сүйтгэсэн нинжа нарын асуудлаар ярилцсан юм. Тус сумын хувьд Завхан аймгийн говийн бүсэд оршдог. 2000 гаруй хүн амтай, 147 мян­ган малтай аж. Засаг захиргааны хувьд таван багтай. Хэдийгээр цөөхөн хүн амтай ч говийн сумандаа нэлээд томд тооцогддог аж. Энэ сумын хувьд аймгийн төвдөө ойр болохоор Ургамал сумаас хөгжил, дэвшлээрээ арай дээр.

Нинжа нарт сүйтгүүлсэн чацарганы бутнаас орлогоо бүрдүүлдэг

-Алтны нинжа нарын гарт хоёр сумын нутаг сүйдээд байгаа. Энэ асуудал Дөрвөлжин сумаас  эхэлсэн гэсэн?  

-Манай суманд хайгуулын 12 лиценз бий. Нинжа нарын гарт сүйтгэгдээд байгаа Ургамал, Дөрвөлжин сумдын заагт таван лиценз бий. Түүний нэгийг “МАК” ХХК эзэмшдэг юм. “МАК” ХХК 2011 оны есдүгээр сард Бухын толгойн орчимд гурван өрөмдлөг хийсэн. Үүний дараа л нинжа нар орж ирсэн. Бидний зүгээс “МАК”-ийнхан мэдээлэл алдсан гэж үзэж байна. Түү­нээс биш манай нутгийн иргэд тэндээс өөрсдөө очоод алт илрүүлнэ гэж байхгүй. “МАК”-ийн өрөмдлөг хийсэн газар эхлээд Ховд аймгийн хүмүүс ирсэн. Мэ­дээллийн дагуу сумын удирд­лагууд, цагдаатай очиж хөөж туусан. Нэлээд хөөцөлдөж байж, сүүлдээ пост гаргаж байж нинжа нарын үйлдлийг таслан зогсоосон л доо. Ингээд хоёр сарын дараа цаашлаад Ургамал сумын нутгийн зааг дээрх Бөрчигтий уулын аманд нинжа нар цугларсан. Тэндээсээ цаашаа Ургамал сумын нутаг руу орсон юм. Манай сумын нутгийн хувьд хоёр уулын аманд нэлээд гүн ховил үүсгэж ухсан байгаа. Түүнээс биш яг Ургамал сумын нутаг шиг их талбайг сүйтгээгүй. Арай гайгүй.

-Танай сумын хувьд хэдий хэмжээний га талбай сүйтгэгдээд байна вэ?

-Манай сумын нутагт металл хайгч багаж ашиглаж машин олон жижиг нүх үүсгэсэн байсан. Цагдаагийн хүрээ үүсгэж, цагдаагийн байгууллага тэнд ажиллаад эхлэхээр нинжа нар тарж бутраад манай сум руу, Тавантолгой багийн нутаг руу орж ирсэн. Малчдыг айлгаж, худгийн мотор хулгайлах явдал нэлээд гарсан. 10 орчим га талбай сүйтгэгдсэн. Шөнө мал унавал тэндээс гарахын аргагүй гүн.

-Хамгийн гүн нь хэдэн метр байгаа вэ?

-Ууланд 15 метрээс дээш гүн ухсан байна лээ. Наашаа сэглэгдсэн газруудыг 2-3 гүн ухсан байсан.

-Нинжа нар “Алтаа ухуулдаггүй юм бол чацарганы бутыг чинь сүйтгээд өгье л дөө” гээд чацарганы бут руу дайрсан гэсэн. Хэр их бут сүйтгэгдээд байгаа вэ?  

-Манай сумын иргэд нинжа нарт сүйтгүүлсэн чацарганы бутнаас орлогоо бүрдүүлдэг байсан юм. Сумын төвөөс доошоо 60 орчим км-т Хар бутны шугуй гэдэг зэрлэг чацарганы төгөл бий. Чацаргана хураах үе арваннэгдүгээр сарын 1-нээс эхэлдэг. Гэтэл нинжа нар манай бут руу орсон байна лээ. Энэ ганц удаа тохиолдож байгаа юм биш. 2010 онд Говь-Алтай аймгийн Бигэр сумаас хөөгдсөн нинжа нар бас л манай  бутыг сүйтгэж, нэлээд хохирол учруулсан. Энэ жил мөн машинаар дайрсан. Манай сумаас хүмүүс гарч бутанд ажиллаж бай­гаа. Хэ­дий хэмжээгээр сүйт­гэс­нийг удахгүй тогтооно. Уг нь энэ бутнаас манай сумын  иргэд чацаргана түүж амьдрал ахуйгаа дээш­лүүл­дэг юм. Жилд 50 орчим тонн,  сайн гарсан жилдээ 100 орчим тонн чацаргана түүх боломжтой. Гэтэл үүнийг ингээд сүйтгэж бай­даг. Тэр хүмүүс энэ бут ямар гай болсон юм бэ. Манай сумынхан жилд хоёр эх үүс­вэрээс  орлогоо  бүр­дүүлдэг юм. Нэг нь ча­царгана, нөгөөх нь завхан бурал омгийн ямааны ноо­луур. Чацарганы хувьд жилд ганц л түүдэг юм.  

 Дөрвөлжин сумын Засаг даргын хувьд Ургамал сум шиг хүнд нөхцөл байдалд ороогүй учраас бас ч гэж тайван байна лээ. Хэдийгээр эхлэл нь Дөрвөлжин суманд тавигдсан боловч төгсгөл нь Ургамал суманд жинтэйхэн тусчээ. Сүүлийн тэмээний ачаа хүнд гэдэг шиг Ургамал сумынхан сумаараа босоод ч нинжа нарыг дарж чадахгүй хэмжээнд хүрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Ямартай ч нинжа нарын хөлд үрэгдэж буй Зав­хан аймагт үүссэн нөх­­цөл байдал “МАК” ХХК-иас үүдэлтэй гэдгийг Дөрвөлжин сумын Засаг дарга З.Бадмаа ч мөн хэлж байсан. Тэгэхээр Дөрвөлжин, Ургамал сумынхан алтны тухай мэдээлэл алдсан “МАК” ХХК-иас байгаль орчинд учруулсан хор хө­нөөлийн нөхөн төлбөрийг нэхэмжлэхэд болохгүй гэх газаргүй юм.   

     
Эх сурвалж: "Өглөөний Сонин"

Сэтгэгдэлүүд

Дээш