logo
“Гайхамшигт Монголчууд бид” /Хошин өгүүллэг/

“Гайхамшигт Монголчууд бид” /Хошин өгүүллэг/

2011/07/09
Бид чинь тэгтлээ нэг их хоцрогдсон улс биш. Манайх дэлхийд олон юмаараа тэргүүн байранд давхиж яваа юм байна. Нэг хүнд ноогдох дарга, депутат, нэг иргэнд ноогдох үүрэг даалгавар, хариуцлага, одоо бас нэг хүнд ноогдох өр шир, саяхнаас нэг хүнд ноогдох нам, эвсэл холбоодоороо дэлхийд тэргүүлжээ. Тэр ч бүү хэл Монголчууд бид нэг иргэнийхээ нуруунд үүрүүлэх шийтгэл, бас магтаал, нэг хүний гарт бариулах уриа лоозон, нэг хүний эзлэх тэсвэр хатуужил, тэвчээр зоригоороо энэ бөмбөрцөгт бусдаас хол давж, суга явжээ. Үүнийг хойно өгүүлэх бяцхан ярилцлагаас ажиглаж мэдэх болно.

Нэг. Тэгьеэ! тэгье!

-Нөхөр минь чи чанаж болгосон энэ хоёр өндгийг дэгдээхэй болгоод орхи.
-Тэгье дээ дарга минь. Гэхдээ тахианы чаначихсан өндөг...

-Би чамд албан даалгавар өгч байна шүү!
-Хичээж үзье. Хоёр сугандаа тас хавчаад пийшин дээрээ хэвтээд байхад дэгдээхэй болчих байгаа. Ямар ч гэсэн зүтгэе!

-Хөөе Барамсай чи малын үүлдэр сайжруулахад наад бөндгөрөө ажиллуул. Атан тэмээ, азарга хоёрын дундаас гуурстай бөхтэй морь гарга.
-Үзээд алдъя. Тэгье, тэгье. Хоёр эр амьтны дундаас нээрэн сонин хүлэг гарах байх шүү. Арай онгоцноос хурдан, гуурстай пуужин төрчих юм биш байгаа!

Хоёр. Миний түмэн буруу

-Чи чинь унтаж байхдаа өглөөнийхөө ажлыг боддоггүй архаг дутагдалтай хүн юм аа?
-Миний буруу дарга аа. Үүнээс хойш би хоёр нүдээ тэвхдээд сэрүүн унтаж байя.

-Чи чинь урагшаа хараад явж байхдаа ардахаа хардаггүй дутагдалтай хүн юм аа?
-За тийм ээ! Толгойгоо эргүүлээд нүдээ ардаа гаргачихъя. Энэ бол мэс заслаар хийлгэчихэж болох байх.

-Ингэхэд чи хүн дуудаад үүрэг өгч байхад хэнэггүй царайлаад зогсож байдаг. Бас наад дуу чинь ихээхэн биеэ тоосон хүний маягтай нэг л том том бүдүүн дуугараад байна уу даа?
-Энэ бол миний байгалиас заяасан хэзээ ч уучилшгүй алдаа. Ээж аав хоёрын ч буруу, одоо үүнээс хойш би таны өмнө дөрвөн хөллөөд байж суръя, бас энэ муу бүдүүн дууг ингээд нарийхан болгоё. Төвөнхөө цааш нь хийчихье ... (Сайн байна уу дарга аа?) одоо их нарийхан болоо биз?

-За чи авгайтай атлаа хүүхэдгүйн татвар төлөөд байдаг чинь гэр бүлийн талаар тогтворгүй гэсэн дүгнэлтэнд хүргэж болно биз.
-Энүүн шиг үнэн юм үгүй. Миний түмэн буруу. Энд таны өчүүхэн ч буруу байхгүй. Би өнөөдрөөс эхлээд хүүхэдтэй болох талаар зүтгэе.

Гурав. Гомдолгүй

-Энэ хүн таны өрөөсөн нүдийг хөх няц болгоод гурван хавиргыг гэмтээжээ. Гэхдээ та нэгэнт хэргийн объект учраас албадан саатуулахад 72 цаг байлгана. Гомдолгүй биз?
-Гомдолгүй ээ, сэргийлэгч ээ. Үхээгүй нь их аз юм. Амьд л байгаа хойно энэ зэргийн гэмтэл юу ч биш...

-Хөөе Барамсай. Нэг юм нөхөр ёсоор тохиръё. Танай хүү уул нь онц төгсөөд гадаадад хуваарь авч байгаа юм байна шүү дээ. Гэвч бид дээгүүр ярилцаад сайдынхаа дунд дүнтэй төгссөн охиныг хүүгийн чинь оронд явуулж танай хүүд Хөдөө аж ахуйн ТМС-ийн саальчны хуваарь өгмөөр байна. Нэг их зарга хийгээд байхгүй юм байгаа биз дээ.
-Яалаа гэж дээ. Миний бандид сургууль л олдож байвал бөөн аз.

-Таны бүх мал хөрөнгийг хураалаа. Нийгэм, улс чинь авч байгаа болохоор гомдолгүй биз дээ.
-Гомдолгүй ээ! Алтан төрийн сүлд өршөө, өнчин ишиг ч бүү үлдээ.

-Хоймор байгаа торхонтой бурхан, баринтагтай судрыг чинь музейд авлаа. Гомдож гонсойхгүй биз?
-Яалаа гэж! гомдвол алдас болно. Хуу хамаад яв. Нам засагтаа бурхан шүтээнээ байтугай буурал толгойгоо өгөхөд ч гомдол алга. Танд гомдвол бурхныхаа өмнө хонь ална гэдэг болно.

-Ажлын шаардлага, бас дээрээс чигтэй нэг юм байна. Иймд чамайг Хөвсгөлд, авгайг чинь Өмнөговьд хорин таван жил суулгахаар шийдэж байна. Орон сууцыг тань улсад авна. Гомдолгүй биз?
-Гомдол алга даа. Гомдоод байх юм байхгүй ээ, дарга минь.

-........................
-Гомдолгүй.....

-........................
-Гомдолгүй.....

-Уучлаарай нэг юм яръя. Цаазаар авах хүмүүсийн нэрэн дотор өөрийн чинь нэр андуурагдаад орчихож. Гэхдээ нэгэнт батлагдсан болохоор арга алга, гомдол мэдүүлээд зарга заальхай үүсгээд байхгүй юм байгаа биз дээ.
-Бид чинь ийм "тэсвэр хатуужилтай" гайхамшигт Монголчууд болсон юм байна. Харин одоо үүнээс хойш бид ийм үзүүлэлтээрээ дэлхийд хамгийн адагт орох цаг ирсэн биш үү!

Ж.Барамсай

Сэтгэгдэлүүд

Дээш