logo
Г.Дамдинням: “Шинэ хоршоо хөдөлгөөн” чинээлэг малчдыг бий болгоно

Г.Дамдинням: “Шинэ хоршоо хөдөлгөөн” чинээлэг малчдыг бий болгоно

2024/05/03

-Манай үзэгч, сонсогчдод өөрийгөө танилцуулна уу. 

-Намайг Гонгорын Дамдинням гэдэг. Би 1982 онд Дархан-Уул аймагт төрсөн. Эхнэр, зургаан хүүхдийн хамт амьдардаг.
-Аав, ээж тань аль нутгийн хүмүүс вэ?
-Миний аав Увс аймгийнх, ээж маань Ховд аймгийнх. Аав, ээж хоёр минь Дарханы анхны бүтээн байгуулалтад илгээлтээр ирж, 1960 оны эхэнд ирж суурьшсан. Би айлын бага хүү.
-Арван жилдээ аль сургуульд суралцаж, төгссөн бэ?
-Бага ангидаа Дархан хотын нэгдүгээр арван жилийн сургуульд суралцаж байгаад дунд ангиасаа Увс аймгийн Өндөрхангай сумын сургуульд наймдугаар анги хүртлээ суралцсан. Эргэж Дархан хотдоо ирээд долоодугаар сургуулийг төгссөн.
-Бага насаа хөдөө өнгөрүүлсэн үү?
-Тийм ээ. Гуравдугаар ангиас хойш зуны амралт бүрээр Увс аймаг руу явдаг байлаа. Ихэнхдээ хонь хариулж л зуныг өнгөрөөнө. 10 дугаар ангиа төгссөн жилээ хүссэн сургуульдаа орж чадаагүй нэг жил өнжсөн юм. Энэ үедээ Увс аймагт хонь хариулсан. Ер нь адуу малдаа явж, хонио өөрөө муулчихдаг байсан.
Багад минь намайг Чимээсэг гэж нэрлэдэг байсан. Хүүхэд байхдаа их ороодог хүүхэд байсан юм билээ. Тэгээд л аав, ээж маань миний нэрийг сольсон. Миний том ахыг Дамдинхүү гэдэг. Дараагийн ахыг Нямсүрэн гэдэг байсан. Намайг долоодугаар ангид байхад өөд болсон юм. Ийнхүү хоёр ахын нэрний эхний нэг үеийг надад өгсөн болохоор хүндэдсэн гэдэг юм билээ.
Ингээд миний нэрийг Чимэддорж гэдэг нэрээр сольсон. Чимэддорж гэдэг нэртэй манай удмын их том лам хүн байсан гэсэн. “Том болоод сургуульд орохоор нь өөрийнх нь үндсэн нэрээр нь дуудаарай, тэр болтол Чимэддоржоор нь дуудаарай” гэсэн байгаа юм.
Чимэддорж гэдэг нэр нь Чимээсэг гэдэг нэрээр л өхөөрдөгдөөд, дуудагдах болсон юм. Нэгдүгээр ангид ороход Дамдинням гэж дуудахад нь би эргэж хардаггүй байсан шүү дээ.
-Таны хамгийн дуртай спорт юу вэ. Сагсан бөмбөгийн 3х3 тэмцээн дээр ихэвчлэн харагддаг.
-Тийм ээ, та шууд хэлчихлээ л дээ. Дуртай спорт бол сагсан бөмбөг. Гэхдээ би тийм ч сайн тоглодоггүй. Мөн үндэсний бөхөд дуртай. Манайх ер нь л бөхийн удамтай.
Сагсан бөмбөгийн спортоор хичээллэж буй хүүхэд, залууст зориулж найзуудтайгаа нийлж, дэмжлэг үзүүлдэг. Сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр найзуудтайгаа хамт үүсгэн байгуулсан эмэгтэйчүүдийн анхны мэргэжлийн баг байдаг. “Улаанбаатар Амазонс” багийг 2018 оны сүүлээс эхлээд одоог хүртэл дэмжээд явж байна. Энэхүү баг маань Үндэсний лигийн аварга, зүүн Азийн наадмын мөнгөн медаль болон Азийн аваргаас анх удаа хүрэл медаль хүртсэн амжилттай. Монголын олимпизмын түүхэнд манай баг анх удаа багийн төрлөөр Монгол Улсаас оролцсон юм. Энэ спортод их хайртай, их ч цаг зарцуулдаг бас дэмждэг.
-Тэр алтан бөгж нь ямар учиртай юм бэ. Нэлээн шүүмжлэл дагуулаад байх шиг байсан?
-Хүн мэдэхгүй юмандаа шүүмжлэлтэй ханддаг. “Улаанбаатар Амазонс”-ын эмэгтэй шигшээ баг Үндэсний лигт түрүүлсэн юм. Хагас жилийн турш үргэлжилдэг энэхүү тэмцээнд түрүүлхэд багийн бүх бүрэлдэхүүн буюу тамирчид, дасгалжуулагч, арын албаныхан гээд хүмүүст аваргын бөгж өгдөг. Монголын номер нэг баг гэсэн утгатай лигийн бөгжийг зүүх нь нэр төрийн хэрэг.
-Алт биш юм уу?
-Үгүй, үгүй. Тэр бөгжөөрөө онгирохдоо биш тэр бөгжийг авч чадсан багаараа л  бахархсан юм.
-Таны аав их сайхан бөх хүн байсан юм байна лээ. Гонгор заан гэдэг нэрээр нь Увс, Дархан, Сэлэнгийнхэн анддаггүй, их ам сайтай ярьдаг юм билээ. Та бөхийн удмын хүн байна даа, сайхан ноцолдох байлгүй дээ?
-Аав маань жолооч байсан бөгөөд 2010 онд бурхан болсон. Дарханы цементийн завод, Үйлдвэр дундын авто баазад жолоочоор ажилладаг байв. Социализмын үеийн тэжээл тээврийн жолооч нар бүгд мэддэг. Аав маань Дарханд цэрэгт татагдаж ирээд, цэргийн заан болж, дараа нь аймгийн заан болсон. Их цайлган сэтгэлтэй, бэлгэшээлтэй хүн байлаа. “Миний хүү хожим их том хүн болно доо” гэж ярьдаг байсан. Энэ үгээр нь ч удмаасаа анхны төрийн түшээ болсон байна. Мөн аав минь “шүдээ зуугаад” зүтгэвэл заавал ард нь гардаг хүн байсан.
Миний хувьд Үндэсний их баяр наадмаар хүүхдийн барилдаанд барилдаж үзээд,  энэ миний ажил биш юм байна гэдгийг ойлгосон.
-10 жилдээ дэггүй хүүхэд байв уу. Эсвэл нийгмийн идэвхтэй, “сэнтэг” гэж ярьдаг шиг тийм хүүхэд байв уу?
-Би нэгдүгээр ангиасаа долоодугаар анги хүртлээ Дарханд сурахдаа ангийнхаа хөвгүүдтэй нийлж сахилгагүйтэж, хувцсаа бараад л, баавгайн чих тоглон, шавар, чулуугаар байлдаж, толгойгоо хагалчихдаг байлаа. Тэгэхдээ би багшаасаа их юм асуудаг нэлээн онц сурах маягийн хүүхэд байсан.
Увс аймгийн Өндөрхангай суманд наймдугаар ангидаа тэс өөр орчинд очсон. Үстэй дээл, монгол гутал өмсөөд, ангидаа хичээлээ бичихээр бал хөлдөх гэх мэт асуудал тулгарсан. Бямба гараг болохоор түлээ хөрөөдөн, хагалж ангийнхаа долоон хоногийнх хэрэгцээг хангадаг байсан. Гэрийн даалгавраа хийгээгүй бол нойтон мод авчирч, ангийнхаа зуух руу хийдэг.
Буцаад ес, аравдугаар ангидаа Дарханд ирж ЕБС-иа сургууль төгссөн. Манай ангийнхан, сургуулийн хүүхдүүд “Увсаа” гэж дуудаж, дооглоно оо бас. Ахлах ангидаа даруухан, онц сурдаг хүүхэд болсон.
-Дунд сургуулиа төгсөөд аль их, дээд сургуульд оров?
-Конкурс өгөхдөө МУИС-ийн Хууль зүйн сургуульд орох зорилготой байсан ч яг миний урдуур улаан шугам тасраад, өөр сургуульд орох сонголттой тулгарсан.
Тэгээд би олдсон сургуулиа голдог баатар болоод шууд Увс аймаг руу явсан.
-Өөрийгөө залхаан цээрлүүлж байгаа юм уу?
-Тийм. Өөрийгөө залхаан цээрлүүлж байгаа юм. Уг нь цэрэгт явчихъя гэж бодсон. Гэтэл цэрэг татлага дуусчихсан байсан. Уг нь их онц сурч байсан хүн шүү дээ. Аав, ээж хоёр маань ч их итгэж байсан.
Ингээд дараагийн жил болтол нь гүрийж, конкурсээс хоёр сарын өмнө хотод ирээд, ах эгч хоёрынхоо түрээсийн байранд амьдарч, шалгалтдаа бэлдэж эхэлсэн. Шалгалтаа ч өгч МУБИС-ийн Нийгэм судлал, эрх зүйн ангид элссэн. Тус сургуульд эрх зүйн анги анх нээгдэж байсан үе л дээ. Нэлээн нийгмийн идэвхтэй оюутан байсан.
Сургуульдаа орсон жилээ Оюутны холбооны дарга болсон. Дараа нь Монголын оюутны холбоонд орж,  МАН-ын дэргэдэх оюутны холбоо руу орсон.
Энэхүү сургуульдаа Улс төр судлалаар магистрын зэрэг хамгаалж, дараа нь Канад улсын Бритиш Колумбын их сургуульд докторын зэрэг хамгаалах горилогч болчихсон явж байна.
–Канад улсын Бритиш Колумбын их сургууль Боловсролын зээлийн сантай холбоотой сургууль уу?
-Мөн.
-Таныг докторын сургалтын төлбөрөө Боловсролын зээлийн сангаас авсан байна гээд байгаа шүү дээ?
-Энэ бол худал мэдээлэл.
2012 онд МАН сонгуульд ялагдсан. АН сонгуульд ялалт байгуулсныхаа дараа ажил хийж байсан бүх хүнийг шалгаж, ажлаас нь халсан. 
Би ч мөн халагдсан. Эхнэр маань ажилтайгаа үлдсэн. Манайх дөрвөн хүүхэдтэй. Энэ үед л амьдралдаа нэг эргэлт хийе гэж шийдсэн. 
Аав минь надад “Боловсролыг л эрхэмлэж яваарай” гэж их захидаг хүн байсан.
Тиймээс, дэлхийн шилдэг сургуулийг төгсөх зорилготой, англи хэлний бэлтгэлт явж эхэлсэн. Удалгүй шалгалтаа өгч, Канад улсын Бритиш Колумбын их сургууль руу хүсэлт явуулсан. Энэ сургуульд элсэх амаргүй шүү дээ. Мөнгөтэй байгаад ч, нөлөөтэй байгаад ч нэмэргүй.
Удалгүй тус сургуулиас урилга ирсэн. Лу.Гантөмөр сайд байсан үе. Боловсролын яаманд Боловсролын зээлийн сангаас тэтгэлэг авъя гэж хандсан. Тэгээд л шалгуурт нь тэнцээд явсан. Ярилцлагад нь ороод, бүх материалыг нь бүрдүүлж өгөөд авч байсан.
Тэр үед  үүрэг даалгавар нь юу байсан бэ гэхээр дэлхийн шилдэг сургуульд элсэх, онц сурах, төгсөх,  төгсөөд заавал эргэж ирээд  дипломоо өгч баталгаажуулах, Монгол Улсад таван жил ажиллах нөхцөлтэй байсан.
Би гэрээгээ биелүүлсэн. Өрийн үлдэгдэлтэй бол төлье гэхэд төлбөр тооцоо байхгүй гэсэн.
-Мөнгөн дүн нь хэдэн төгрөг вэ?
-32 мянган доллар буюу 100 орчим сая төгрөг байсан.
-Эргэж ирээд Монголдоо ажиллаж байгаа гэдэг нөхцөлөөрөө л уг нь явж байгаа юм байна тэ?
-Боловсролын зээлийн сан надад “Та ямар ч төлбөр тооцоогүй” гэдэг бичгээ аль эрт өгчихсөн.
Нийгэмд явж буй шүүмжлэл зөв. Юу вэ гэхээр, дарга цэрэг байж байгаад эсвэл дарга цэргийн хүүхдүүд журам, хууль зөрчөөд зээл авчихсан нь мэдээлэлд ойр байгаа давуу эрхээ ашиглаж байна шүү гэсэн үг. Надад тэр үед улс төрийн нөлөөлөл ч байсангүй, харьяалагддаг нам ч байсангүй. Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр сурах л байсан даа.
Нэгэнт ам нээвэл уушги нээ гэж. Их, дээд сургуульд суралцагчдын нийгмийн баталгааг дэмжих хөтөлбөр 1990-ээд оноос эхэлсэн. Бараг 20, 30 мянган залуу явсан юм билээ. Цаашид ч олон монгол залуу явах ёстой. Жишээ нь, надад мөнгө байхгүй ч сургуульдаа тэнцсэн. Төрийн дэмжлэг байгаагүй бол өнөөдрийн Дамдинням байхгүй байсан. Миний амьдрал хоёр үетэй.  Нэг нь, Канадад сургууль төгсөхөөс өмнөх үе ба төгссөний дараах үе. Гадаадад сургууль төгссөнөөс хойш огт өөр хүн болсон.
Би улсдаа хувь нэмрээ оруулчих юм сан гэж л зорьдог. Өөрийгөө өртэй гэж бодож,  дотроо ач санаж явдаг.
-Алив бүхний эхлэл гэдэг зүйл сайхан. Таны ажлын гараа хаанаас эхэлсэн бэ?
-Гурвалжингийн гүүрний наад талд байдаг 44-ийн ачих, буулгах газраас миний ажлын гараа эхэлсэн.  Төмөр замын модны захад палк буулгадаг байсан.
Их, дээд сургууль өнжсөн жилийнхээ хавар ирж, ачаа буулгадаг байсан. Цемент, палк зэргийг буулгана. Биднийг ах нар “дусаал” гэж нэрлэдэг. Жоохон хүүхдүүд болохоор тэр.
Ах нартай дөрвүүлээ нийлж байгаад нэг вагон палк буулгахад 6000 төгрөг авдаг. Би өндөр хүүхэд байсан болохоор дотор орно. Тиймээс надад 3000 төгрөг өгдөг. Ах нар 1000, 1000 мянган төгрөг авна.
-Таны амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Тууштай байх.
-Таны хамгийн нандигнадаг зүйл?
-Гэр бүл, эрүүл мэнд.
-Таныг тодотгодог  зан чанар юу вэ?
-Нэг зүйл бариад авбал ер нь зогсоно гэж байхгүй шүү. Манайхан ч тийм зан чанартай.
 -Таны хамгийн том ололт юу вэ?
-Гэр бүл, боловсрол, нийгмийн байр суурь юм.
Та найз нөхдийнхөө юуг нь илүү их үнэлдэг вэ?
Өөр өөр гэр бүлд өссөн, өөр өөр соёлтой, өөр өөр хүмүүжилтэй хүмүүс нэг таардаг талаараа нийлж нөхөрлөнө гэдэг ховор зүйл. Янз янзын алдаа, ааш араншны зөрөө гарна. Тэр болгоныг нь ойлгож уучилж хамтдаа байж чаддаг чанар бол найзуудын хамгийн үнэтэй чанар. Хүмүүс бүх юмаараа таараад л бүх юманд сэтгэл хангалуун байгаад байна гэж ерөөсөө байхгүй шүү дээ.
Таны амьдрал дээрх баатар хэн бэ?
Миний аав.
УИХ-ын гишүүдэд тойргийнх нь ард иргэд их ханддаг шүү дээ. Тэр хүмүүсийн хүсэж байгаа зүйlийг ингээд нэг эрэмбэлчихсэн байгаа байх л даа. Ер нь голдуу тэр хүмүүс юу хүсэх юм?
Хамгийн харамсалтай нь эрүүл мэндийн асуудал дээрээ дэмжлэг авах мөнгөн тусламжуудыг их хүсдэг. Тиймээс жилдээ нэг удаа БНСУ-аас сайн дурын эмч нар авчирч томоохон хэмжээний үзлэг оношилгоо зохион байгуулдаг болсон. Мөн жилд нэг хүнийг үнэ төлбөргүйгээр БНСУ-д аваачиж бүрэн эмчлүүлдэг. Дарханчууд үүнд их сэтгэл хангалуун байдаг учраас иргэдэд хүлээлт үүссэн.
Өнгөрсөн жил Дарханы Дархан сумын Энхтөр гэж залуу хоёр түнх нь гэмтэж, явж чадахгүй болчихсон байсан хүн Солонгос руу очиж бүтэн үе солиулчхаад ирсэн одоо таяггүй явж байх жишээтэй.
Эрүүл мэндийн асуудал л их чухал байдаг байх нь дээ?
Тэгэлгүй яах вэ, эрхэм баян эрүүл мэнд. Хүн болгон тийм шүү дээ тэ
Хоёрдугаарт ямар хүсэлт их ирдэг вэ? 
Эрүүл мэндийн асуудлын дараа нь хамгийн их ирдэг гуйлт бол боловсролын асуудал.  Иргэд надад хандахдаа сургалтын төлбөр, хөнгөлөлт, тэтгэлгийн асуудлаар ихэвчлэн тусламж хүсдэг.
Боловсролын ерөнхий хууль, Боловсролын багц хуулийг батлуулахдаа шалгуур хангасан хүүхдүүдийг ер нь бүгдийг нь төр даачихдаг байя. Их сургуульд сурч байгаа хүүхдүүдийн тоог бууруулаад онц сурах чадвартай хүүхдүүдийг нь даачихдаг байя гэдэг агуулгатай хуулийн зохицуулалтыг хийсэн. Улс төрч өөрөөсөө гаргаж өгөөд байхаасаа илүүтэй хууль эрх зүйн орчноор л туслах ёстой. Түүнээс биш хувьдаа, тойрогтоо хувийн сонгогчтой болж болохгүй.
Мөн 2024 онд Дархан-Уул аймагт зургаан төв эмнэлэг баригдана. Дөрөв нь өрхийн эмнэлгийн шинэ байр, нэг нь Анагаахын сургуулийн дэргэд судалгаа шинжилгээний эмнэлэг баригдана. Мөн  Гуравдугаар зэрэглэлийн буюу нийслэлийн том хэмжээний эмнэлгүүдтэй дүйцэхүйц цогц барилга анх удаа хөдөө орон нутагт баригдах гэж байна.
Гуравдугаар зэрэглэлийн эмнэлэг ЕСБХБ-ны санхүүжилтээр Дарханд баригдахаар болж шавийг нь тавиад байна.  Хойд бүсийн иргэд болон төвийн бүсийн иргэд очиж үйлчлүүлэх бололцоотой юм билээ. Энэ бол төвлөрлийг сааруулах их том бодлого болох ёстой.
Таагүй өдрүүдэд сэтгэлээ яаж засдаг вэ?
Үүнээс илүү муу байж болох байсан. Үүнээс илүүг үзсэн шүү дээ гэж өөртөө хэлдэг. Тэгээд асуудал тулгарахад шууд л халз тулдаг, зугтдаггүй. Зовлонгийн түргэн, жаргалын удаан гэж үг бий.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Г.Дамдинням гэдэг хүн хэр өөрчлөгдөв?
Нэлээн буурь суурьтай болсон. Хоёрдугаарт хүмүүсээс авч байгаа мэдээлэл, өөрийнхөө байгаа байдлыг харахад шийдвэр гаргахын тулд маш их боддог болсон байна.
Нөгөө талаас нь харвал бага зэргийн удаан болсон юм болов уу. Гуравдугаарт нэлээн их одоо буурал үстэй болчихсон байна лээ.
Хамгийн ихээр харамсаж явдаг зүйл?
Дөрвөн жилийн тухайд гэвэл Дарханы арьс ширний цогцолборын ажил явсангүй.
Уг нь их аятайхан том төсөл байсан. Их ч том улс төр орсон доо.
Тийм, асар хэрэгцээтэй ажил.

Энэ ажил ер нь цаашаа явах нь уу?
Манайх мал аж ахуйтай, газар тариалан, уур уурхайтай орон. Монгол малын бүтээгдэхүүнүүдийн ер гаруй хувь нь зүгээр гэрийнхээ гадаа гаргаад л үнэгүй хаячихдаг. Тэгэхээр зохицуулалт нь юу  байгаа вэ гэхээр махны том үйлдвэрүүд бий болох ёстой. Малчид, ард иргэд малаа гэрийнхээ гадаа гаргахаас илүү мах комбинатад аваачиж өгвөл илүү өөрт нь ашигтай байдаг болгох ёстой юм. Ингэх юм бол малын эрүүл мэнд ч сайжраад, мал гаргах технологи нь сайжирч олон улсын стандартад нийцдэг болно.
Тэндээс гарсан бүтээгдэхүүн нь экспортлогдох шаардлага хангадаг болвол арьс шир , өлөн гэдэс, эвэр туурай, зэрэг дайварууд нь  төвлөрөөд бүтээгдэхүүний үйлдвэрүүдээ хангаж эхэлнэ.
Энэ бол үндсэндээ маш утгагүй улс төр орж, хулгай нүүрлээд таг гацчихсан ажил.
Уг төсөл нь бэлэн юм байна тийм үү?
Тийм, бэлэн. Энийг Дарханы замын ажлын хэсгийг байгуулаад ардаас нь явж байж нэг юм учрыг нь олж байгаа гэж боддог. Яг үүнтэй ижилхэн арьс шир ширний үйлдвэрийг барьж аваад араас нь явъя гэсэн бодолтой байгаа.
Дарханы зам гээд ярьсан дээр Дарханы замыг би асуучихъя. Нэлээн дуулиан шуугиан болж байж нэг юм хөөрхий холбогдсон. Энэ гэхдээ анх яваад байсан зургаасаа өөр зам юм биш үү. Анх явж байсан зураг нь тэр нийлээд бараг 8 эгнээ, экологийн коридор зэрэгтэй байсан. Их л гоё зураг харагдаад байсан тэр зураг нь үнэн юм уу худлаа юм уу?
Дарханы зам ийм юм аа 2017 онд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын үед энэ замыг барих шийдвэр гарч байсан. Намайг 2020 онд гишүүн болж байхад бүгдийг нь хуулаад хаячихсан там шиг зам байлаа шүү дээ.
Би сонгуульд нэр дэвшиж байхдаа Улаанбаатараас гараад Дархан ороход талдаа 9 цаг явдаг байсан. Монголдоо бараг шалгарсан маш сайн машин болох Ланд-200 машинаар шүү дээ. Намайг очиход Дарханчууд тулчихсан байгаа юмаа л ярьж байгаа шүү дээ. Дарханы замыг л дуусгачих. Ингээд сонгууль болж дуусаад, нэр дэвшигчийн үнэмлэхээ аваад гараад ирсэн чинь сэтгүүлчид надаас энэ дөрвөн жил хамгийн түрүүнд барьж авах ажлынхаа тухай танилцуулаач гэж асуусан.
Би Дарханы зам гэж л хариулсан. Үүнийхээ араас муудаж болох бүх хүнтэй муудаж зүтгэж болох бүх аргаар л араас нь явж ирсэн.
Зам тээврийн салбарыг сүүлд удирдах гэж хичээсэн Халтар сайд,  одоо байгаа Бямбацогт сайд гэх эдгээр хүмүүст нэгдүгээрт баярлалаа, хичээсэнд нь. Хоёрдугаарт бас ажлын шаардлагаар муудалцаж байсанд уучлаарай гэж хэлмээр байна. Ажил явуулахын тулд мэдээж асар их шахалт явуулна шүү дээ.
Үр дүнд нь ард түмэн хожсон. Хурдаа бариад явбал 2 цаг 30 минут яваад аюулгүй зорчдог замтай болж үлдэж байна.
Зураг төслийн тухайд макет нь хэтэрхий гоёдсон зүйлүүд байсан. Одоо байгаа зам бол яг л стандартын, байх л ёстой зам. Цаашид 10%-ийн дутуу ажил үлдсэн
Нэмэлт ямар ажлууд дутуу байна вэ?
Замын үе, залгаанууд бий. Тэр бол 5см орчмын залгааны зөрөө байгаад байгаа юм. Энэ бол 70-аад километрт нэмэлт таван сантиметрийн хучилт явагдах юм. Нэгдүгээрт тендер нь явагдаж дуусаад хийгдэх ёстой. Хоёрдугаарт энэ зам нь өөрөө хурдны зам биш.
 Энэ бол зүгээр л хот хоорондын зам. Энэ замаар хурдан явах гэхээсээ илүүтэй аюулгүй явах ёстой учраас л аюулгүй байдлыг нь сайжруулах гэдэг зориулалттай АХБ-ны төсөл юм. Мөн замын голын аюулгүй байдлын цементэн хашлагууд хийгдэнэ. Зарим хэсгүүдэд гялбааны хамгаалалт, малын хамгаалалт хашаа, тэмдэг тэмдэглэгээ зэрэг ажлууд хийгдэнэ.
Дарханы замын турш 60 гаруй карьер хийгдсэн байдаг юм. Байгаль орчны үзэмжид нэлээдгүй нөлөөлж байгаа. Тэдгээрийг нөхөн сэргээх ажлууд хийгдэнэ. Ингээд л үндсэндээ дуусна даа.
Зураг төслийн хувьд бол маш их алдаатай. Яагаад ч ийм бүтэлгүй компаниуд анхнаасаа шалгаруулаад олон жил болчихсон юм.
 Одоо 10% үлдчихсэн гэж байна. Энэ 10% нь хэзээ дуусах юм бол?
Энэ жилдээ багтаад дуусчихна. Баруунхараагийн нэг урсгалын гүүр нь дутуу хаягдчихсан юм байна лээ. Анхнаасаа төсөл батлахдаа яагаад ч юм гүүр байхгүйгээр хийчихсэн. Тэр гүүрийг зурагтай болгосон, төсөвтэй болгосон учраас бүтэн солигдоно ингээд дуусна.
Юунд та илүү бодитой хандахыг хүсдэг вэ?
Шийдвэр гаргахдаа. Өмнө залуу ч байсан,үүрдэг хариуцлага нь ч  гайгүй байсан юм болов уу? Их эмоциор шийдвэр гаргадаг байсан. Одоо бол ер нь маш хариуцлагатай ханддаг болсон доо.
Таны муу зуршил юу байна?
Юмнаас барьж аваад салдаггүй хүн чинь бас ихдүүлчих гээд байдаг юм. Юмыг ихдүүлчих гээд, араас нь ингээд зүтгээд, хүн залхаагаад уурыг нь хүргэчих гээд байдаг нь жаахан муу зуршил.
Хэр хэнхэг юм бэ?
Байсан. Одоо гайгүй болсон.
Таны хийж байсан зүйлүүдээс хамгийн галзуу зүйл юу байна?
Англи хэлийг боловсролын хуульд оруулж батлуулахын тулд бүх дэлхий миний эсрэг байхад л нүдээ аниад зогсчихсон л доо.
Нэгэнт уулзаад сууж байгаа юм чинь Боловсролын багц хуулийн талаар ярилцъя. Англи хэлийг сургалтын хөтөлбөрт оруулах асуудал нэлээдгүй хэл ам дагуулсан. Нэлээн тэмцэж байж л үүний ард гарах шиг болсон доо. Яг тухайн үед бодит байдал ямар байсан бэ?
Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан төсөл дээр англи хэл бол боловсролын үндсэн гадаад хэл байна гээд ороод ирчихсэн юм. УИХ-ын нэгдүгээр хэлэлцүүлэг бүлгийн хурлаар орлоо. Ямар ч асуудал байсангүй. Дараа нь байнгын хороо, чуулганаар орлоо ямар ч асуудал байсангүй. ндсэндээ эцсийн хэлэлцүүлэг рүү орох гэж байгаа юм.
УИХ-ын чуулганыДэгийн дэгийн тухай хуулиарАнхдугаар хэлэлцүүлэг гээд дэмжчихсэн байгаа саналыг унагаахын тулд 75%-ийн саналаар унагаадаг юм. Эцсийн хэлэлцүүлэг дээр аягүй өндөр босготой болчихдог. Эхнийх бол 51% нь шүү дээ. Үндсэндээ батлагдчихлаа гээд сэтгэл амар явж байгаа юм.
Гэтэл гэнэт л байнгын хороон дээр бужигнаад явчихсан. Нэг хэсэг гишүүдийн маань наана цаанаас нь янз янзаар шахаж дарамталсаар байгаад эсрэг санал өгүүлээд унагаачихсан. Тэгээд миний “ардаасаа харамладаг англи хэл гэж байдаг юм уу, ахиу боломжийг битгий харамлаад байгаач ээ та нар” гэж нэг бөөн дуулиан болсон үг байна шүү дээ. Тэгэж хэлсэн.
Үнэхээр гол зурж, гомдоод байдаг байсан юм. Нэлээд хэцүү цаг үе байсан. Улс төрч хүнд яг ийм нөхцөл байдалд ганцхан л сонголт үлддэг. Ганцаархнаа үлдчихэж байгаа юм чинь олон түмнийхээ талд орох, олон түмнээсээ дэмжлэг хүсэх.
Улс төр гэхээсээ илүүтэй улс үндэстний, монголчуудын үр хүүхдүүд хөдөөгийн суманд байгаа даа
Төв аймгийн Эрдэнэ суманд байгаа хүүхэд эсвэл Төвийн аймгийн Баянцагаан Сэлэнгэ аймгийн Мандал суманд сууж байгаа хүүхэд тавдугаар ангиасаа англи хэл үзнэ. 7 хоногт хоёрхон цаг. Улаанбаатарт байгаа өндөр төлбөртэй сургууль нэгдүгээр ангиасаа 7 хоногт дөрвөн цаг үзнэ. Ингээд 12 жил үзээд нөгөөдөх нь 5 дугаар ангиасаа үзээд ингээд төгсөнө. Тэр хоёр хүүхэд олон улсын боловсролын зээлийн санд өрсөлдөнө. Хэн нь авах вэ? хотын хүүхэд л авна шүү дээ. Эсвэлмөнгөтэй байнга давтлага хийлгэж байсан хүүхэд л авна шүү дээ.
Анхнаасаа хүүхдүүдийн гараа нь тэгш биш байна. Энэ бол аягүй шударга бус. Би өөрөө улс төрч,  аав маань жолооч, ээж маань тогооч, би гэр хороололд өссөн. Би англи хэлийг 30 настайдаа үзэж эхэлсэн. 30 нас хүрч байж боломж олдож байсан.
 Ямар хэцүүг нь мэднэ, ямар шударга бусыг нь сайн мэднэ. Миний урдуур ямар их боломжуудыг шүүрч явж басныг харж байсан. Тэгэхээр чи одоо өөрөө энд өндөрлөгт ирчихсэн юм бол бусдадаа боломж өг л дөө. Би яг тийм л хатуу итгэл үнэмшилтэй байсан.
Үүнийгээ ч би хэлсэн. Уучлаарай би үгүй гэж чадахгүй нь, нэр дэвшүүлэхгүй байсан ч болно.  Ямар хариуцлага байдаг юм, намайг намаас хөөнө үү, та нар өөрсдөө шийд гэж хэлсэн.
Гэхдээ би Монгол УИХ-ын гишүүн, ард түмний дуу хоолойг илэрхийлэх үүрэгтэй. Үүнд хатуу итгэж байна.  Олон түмний дэмжлэг надад хэрэгтэй болсон, илэрхийлсэн. Олон түмэн маань маш сайн дэмжсэн. Тэгээд л нэг давж гарсан даа. Тэр бол аягүй галзуу үйлдэл шүү дээ
Эргээд харж байхад тэр олон эсэргүүцэлтийн цаана яг юу байсан бол гэж та хардаг вэ?
Маш товчхондоо л хэлье хэлж болох болохгүй их олон шалтгаан байдаг юм.
Хэлж болох нь монгол хэлний, орос хэлний нэг хэсэг бүлэг хүмүүс улс төр хийх сонирхолтой орж ирсэн болов уу л гэж бодсон. Нийтэд нь хэлэхэд бол хэлж болохоосоо илүүтэй болохгүй шалтгаан их байсан.
 
Тэгвэл таны сэтгэлийг хамгийн ихээр зовоодог зүйл юу вэ?
Түнд за гэж хэлчхээд нөгөөдхөө биелүүлж чадахгүй болохоор аягүй их шаналаад байдаг юм. За гэдгээ ч их багасгасан.
Та өөрийнхөө хайртай дотнын хэн нэгнийгээ аврахын тулд хууль зөрчиж чадах уу?  
Хариуцлагаа хүлээнэ дээ.
Нэр хүнд гэдэг зүйлийг тодорхойлооч та?
Чиний талаар хүмүүсийн нийтлэг нэг төсөөлөл гэж ойлгож болно.
Тийм манай залуус Краш гэдэг зүйл яриад байгаа одоо Краштай байна уу та Краш байна уу?
Өө байлгүй яах вэ. Титаник киноны Рөүзийн дүрд тоглодог Кет Винслет гэж бүсгүй миний Краш.
Олны өмнө ил байна гэдэг хэцүү юу?
Одоо ч сурчхаж дээ. Оюутны байгууллага удирдаад л, залуучуудын өмнө лидерийн хариуцлага үүрээд л явж байсан. Хүүхэд байхаасаа л энэ хариуцлагыг мэдрээд өдий зэрэгт хүрчихсэн болохоор нэг их айхтар төвөгшөөгөөд байдаггүй шүү дээ.
Та гарч чадахгүй тийм хүнд байдалд орж байсан уу? Тэгээд хэн нэгэн таныг гаргаж байсан ямар тохиолдол байдаг вэ?
Эрүүл мэнд маш хүнд болж байсан. Тэр үед алтан гартай эмч нар бол бурхны элч гэдгийг мэдэрч байсан. Явах шахаж байсан шүү.
 Өчигдөр, өнөөдөр, маргааш та алинаар нь амьдарч байна вэ?
Өчигдрийг дүгнээд өнөөдрийг одоо өчигдрөөс илүү байлгаад маргаашийг их сайхнаар төсөөлнө л гэж бодож явдаг. Юм бүхэн гурван цагийн хэлхээс шүү дээ.
Маргаашийн талаар танд хэн нэгнээс асууж мэдэх боломж байвал та юу асуух вэ?
Бодит биш зүйлд айхтар итгэдэггүй дээ.  Тийм боломж байсан бол сайхан, бүгдийг нь асуучихмаар л байна шүү дээ. Хүн өөрөө маргаашыг төсөөлж болно, маргаашийг ямар байлгахыг бэлдэж болно. Зөв хариулт авахын тулд зөв асуу гэдэг шиг өөрөө маргаашаас юм асуумаар байгаа бол өнөөдрөө л нэг аятайхан байлгах тухай бодох ёстой байх гэж боддог.
Хүний ямар зан чанарт хамгийн дургүй вэ?
 Худалч зан чанар.  Худалхэлэхэд нь үзэн яддаг.
Та өөрийнхөө хийсэн ямар зүйлээр илүү их бахархдаг вэ?
Боловсролын багц хуулийг батлуулж чадсандаа маш их бахархалтай байдаг. Багш нарыг болбол асар сайн дэмжсэн заалтууд орсон, хөдөө орон нутгийн боловсролын ялгааг дэмжсэн заалтууд байна. Англи хэл болбол түүхэнд үлдэнэ дээ л гэж би боддог юм. Хэзээ нэгэн өдөр намайг дурсах байх.
Одоо хууль тогт тогтоох дээд байгууллагад ажиллаж байна. Ер нь энэ улс төрч хүн гэж ямар байх ёстой юм бэ?
 Олон нийтийн дуу хоолойг илэрхийлдэг, чамайг сонгосон ард түмэн юу хүсэж байгааг хэлж чаддаг тийм л хүн байх ёстой гэж боддог. Тийм ч учраас би чуулганы нээлт дээр “нөү ваар” тэмдэг барьж гарч ирж байсан шүү дээ. Яагаад гэвэл энэ дэлхий ертөнцөд дайн байлдаан, хүчтэй нь хүчгйгээ дээрэлхдэг байдал хэрэггүй, манай улсын ахуй амьдралд ч гэсэн энэ дайн байлдаантай нөхцөл байдал нөлөөлж байгаа. Үнийн өсөлтөд, импорт экспортод нөлөөлж байгаа. Тэгэхээр бидэнд яаж ч бодсон энэ дайн хэрэггүй юм.
Улс төрч хүний үндсэн ажил бол олон нийтийн хүсэл сонирхлыг илэрхийлэх.
Яг л нөу ваар шиг, англи хэл шиг, дарханы зам шиг, авлигал хороолол шиг дуугардаг байх ёстой. Улс төрч хүн бол миний хүсэл сонирхлоос илүүтэй хүмүүс юу хүсээд байгаа вэ гэдэг тал дээр дуугардаг байх учиртай.  
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ямар, ямар хуулийн төсөл дээр ажиллав аа?
Дөрвөн хууль байгаа.  Үүнээс гадна одоо хамгийн их хичээж ажилласан хууль бол үйлдвэр технологийн парк гэдэг хууль. Ажлын байрыг нэлээн нэмэгдүүлэх зорилготой хууль юм. Тухайн нэг газар оронд жишээ нь, Дархан-Уул аймагт эрчимжсэн МАА, ХАА-н чиглэлийн  үйлдвэр технологийн парк байгуулагдаад, тэр байгуулна гэдэг нь Монгол доторх оффшор гэсэн үг.
Өөрөөр хэлбэл эхний 5 жил бараг татваргүй гэсэн үг, маш бага татвартай. Дараачийн 5 жил 50% хөнгөлөлттэй ингээд 10 жилийн хугацаанд инкубаторт бизнесүүдийг бойжуулж гаргаж ирээд тэнд монголчууд ажиллах байхгүй юу. Ажлын байр бий болгох ёстой. Татвараас орж ирсэн мөнгийг нь халамжид тарааж байхын оронд тэнд хүн ажил хийгээд цалин авч байх ёстой.

ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

 

Сэтгэгдэлүүд

Дээш